alim.mn | 2025.06.11
Хотын дарга Х.Нямбаатарыг ТҮЦ-ний хүүхнүүдтэй нийлж дарж авлаа

Улс төрийн ууган нам саяхан Ерөнхий сайдаа томилох гэж хэд хоног ёстой л орондоо орох завгүй явлаа. МАН-ын гал тогоог хамгийн олон жил барьсан генсек одоогийн УИХ-ын дарга Шадар сайд С.Амарсайханыг сойж, МАН-ын дарга Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ Хотын дарга Х.Нямбаатарын зүтгүүллээ. Ёсолж аваагүй бэрийнхээ цүнхнээс болж огцрохоор болсон Л.Оюун-Эрдэнэ унасан хүн ууртай гэгчээр ид ууртай яваа. "Шархны халуун"-тай, дээр нь залуу хүн шартай, хэрвээ болохгүй бол Хотын дарга Х.Нямбаатарыг заалнаас Ерөнхий сайдад нэр дэвшүүлж магадгүй байжээ. 

Тиймээс улс төрийн хашир туршлагатай, уран аргатай МАН-ынхан Бага хурал болдог өдрөө ТҮЦ эрхлэгч хүүхнүүдийг түмпэн сав нүдүүлж, ан авын "үргээлэг" шиг юм болов. ТҮЦ нүүлгээд сар гаруй болсон, ТҮЦ-ний хүүхнүүд ч тайвшраад "мартагдсан дууль" шахуу болсноо гэнэт түмпэн сав болон ирсэн нь хэдэн хүүхний ажил гэхээсээ цаана нь том улс төрийн уран нүүдэл байж болзошгүй. Дайны хажуугаар дажин гэж ордны хажууд байшин бариад амралт багатай байдаг хэдэн барилгачин "Баяраа"-нууд малгайгаа тавиад Х.Нямбаатар даргыг эсэргүүцэн суулт хийчихсэн. Ийм үед Хотын дарга Х.Нямбаатар заалнаас нэр дэвших эрсдэлтэй. Хавар зуны улс төр ид халж байхад ганц оч үсрээд ямар ч түймэр гарахыг таашгүй. Хашир сууж яваа Х.Нямбаатар заалнаас нэрээ дэвшүүлсэнгүй, түүний албан тушаалаар ч оролдохгүй бололтой. 

Шинэ Ерөнхий сайд болохоор тодорсон ЕТГ-ын дарга Г.Занданшатар тайван дөлгөөн хүн, тиймээс ч Х.Нямбаатарыг Хотын даргаар ажиллуулна гэж олон хүний санааг амраав.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ