
-Мон Бийф ХХК бол хөдөө аж ахуй, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт хүч үзэх гэж буй шинэхэн компани. Таны яагаад энэ салбарт, энэ компанид ажиллах болсон талаар яриагаа эхлэх үү?
-Баярлалаа, ярилцлагыг маань уншиж буй та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би 2011 онд МУИС-ЭЗС-ийг Бизнесийн менежментээр төгссөн. Ажлын гараагаа хөдөө аж ахуйн салбарт, тэр дундаа мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг компанийн төсөв, төлөвлөгөө хариуцсан эдийн засагчаар эхлүүлж байв. Тэр цагаас хойш энэ салбараасаа нэг их хөндийрөхгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Таван Богд Групп нь эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж зах зээлд чанартай, гарал үүсэл нь тодорхой үхрийн мах нийлүүлэх, хөдөө аж ахуйн кластер системийг бүрдүүлэх, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 19 дэх охин компани Мон Бийф ХХК-г үүсгэн байгуулсан. Мон Бийф ХХК нь ЗӨӨЛӨН, ШҮҮСЛЭГ, ШИМТЭЙ үхрийн мах зах зээлд нийлүүлэхээр махны чиглэлийн үүлдрийн үхрийн фермийн аж ахуйг Төв аймгийн Сэргэлэн суманд байгуулан ажиллаж байна.
Таван Богд Групп яагаад эрчимжсэн мал аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулахаар болсон бэ? Танай компанийн бусдаас ялгарах онцлог юу вэ?
Бид хөдөө аж ахуй, тэр дундаа эрчимжсэн мал аж ахуйн салбарт орох болсон хэд хэдэн шалтгаан бий. Эдгээрээс хамгийн чухлыг нь дурдвал:
1.Хэрэглэгчдэд эрүүл, чанартай, гарал үүсэл тодорхой бүтээгдэхүүн хүргэх
Махны үйлдвэрлэлийн 90 гаруй хувь нь үйлдвэрийн бус аргаар боловсруулагдан зах зээлд нийлүүлэгдэж, худалдаа нь ил задгай, стандартын шаардлага хангахгүй орчинд явагддаг. Энэ нь эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангаж чадахгүй, хүнсний аюулгүй байдлын тогтолцоог алдагдуулж байна. Иймээс бид хэрэглэгчдэдээ эрүүл, чанартай, гарал үүсэл тодорхой ШИМТЭЙ, ЗӨӨЛӨН, ШҮҮСЛЭГ үхрийн махыг баталгаат орчинд стандартын дагуу бэлтгэн боловсруулж хүргэхээр шинэ салбарт үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
2.Бэлчээрийн даац ба Малчдын эдийн засгийн орлого
Манай орны малын тоо толгойн өсөлтийг дагаж бэлчээр доройтсоор байна. Ус цаг уур, орчны хүрээлэнгээс 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын тухай гаргасан мэдээлэлд Монгол Улсын нийт бэлчээр нутгийн 40 гаруй хувьд бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, 25 орчим хувьд 3-5 дахин хэтэрсэн, 20 орчим хувьд маш олон дахин хэтэрсэн байгааг онцолсон. Тиймээс бид үржлийн бус эр малыг өсвөр насанд нь эдийн засгийн эргэлтэд оруулах, бэлчээрийн даацын хэтрэлтээс сэргийлэх, малчид маань малынхаа ашиг шимийг эрт хүртэх зэрэг шаардлага гарч байгаа юм. Харин Таван Богд Групп үндэсний тэргүүлэгч групп компани болохынхоо хувьд тэрхүү системийг бүрдүүлэх ажлын түүчээлэгч нь байхаар ажиллаж байна.
3.Хөдөө аж ахуйн кластер систем
Хөдөө аж ахуйн салбар нь манай улсын эдийн засгийн гол тулгуур багануудын нэг байх ёстой. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед нүүдлийн мал аж ахуйг хагас эрчимжсэн аж ахуй болгох суурийг тавьж малыг эрүүлжүүлэх, үүлдэр угсааг сайжруулах, өндөр үр ашигт мал өсгөн үржүүлэхэд анхаарч байсан. Харин зах зээлийн нийгэмд шилжсэнээр дээрх асуудлууд зогсонги байдалд орсон. Гэхдээ сүүлийн хэдэн жил эргээд сэргэх хандлага бий болж байна. Таван Богд Группийн хувьд тэрхүү зогсонги байдлыг эрчимжүүлэх, ХАА-н салбарт хөрөнгө оруулалт хийх, ХАА-н кластер системийг бүрдүүлэх, сайн туршлага, шинэ инновациудыг нэвтрүүлэх, малын ашиг шим, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой. Үүнийг дагаад хөдөө орон нутагт шинэ ажлын байрууд бий болох юм.
Ер нь манай улсын хөдөө аж ахуйн кластер системийн хөгжил ямар түвшинд байгаа вэ?
Кластер систем гэдэг маань товчхондоо нэмүү өртгийн сүлжээнд талууд хамтран ажиллахыг хэлж байгаа юм. Таван Богд Группийн удирдлагууд буюу манай компанийн хөрөнгө оруулагчид чаддаг юмаа хамгийн сайнаараа хийх ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл, Бид компанийнхаа зардлыг бууруулж үр ашгаа нэмэгдүүлье гэвэл үхрийн фермийн аж ахуйнхаа хажуу талд өөрсдөө ногоон тэжээлээ тарьж болно. Өөрсдөө цөм сүрэг үржүүлээд тэндээсээ бяруугаа авч болно. Гэхдээ бидний зорилго энэ биш. Бид нар тариаланчдаас шаардлагатай ногоон тэжээлээ тогтмол худалдан авна мөн 21 аймгийн малчдаасаа үхрүүдээ тогтмол худалдан авна. Ингэснээр бид бэлтгэн нийлүүлэлт талдаа махны нэмүү өртгийн сүлжээн дэх ХАА-н кластерыг үүсгэнэ. Ер нь хөдөө аж ахуйн салбар нь кластерын зохион байгуулалтад орж хөгжих ёстой салбар. Харин манай улсад сүүний кластер их амжилттай явж байна гэж боддог.
Та сая малчдаас үхэр авах талаар ярилаа. Танайхтай ижил төрлийн үйл ажиллагаатай компаниуд ч бас “гарал үүсэл нь тодорхой” гэдгээ их тодотгох болсон. Гэтэл хэрэглэгч бидний хувьд яг тодорхой байж чадах уу гэдэг нь бас л эргэлзээтэй санагддаг. Энэ талаар дэлгэрэнгүй яриач?
Компанийн маань үндсэн үйл ажиллагаа малчдаас нутгийн үүлдрийн Монгол үхрээ худалдан авахаар эхэлнэ. Бид 12–18 сартай өсвөр үхэр буюу бяруу худалдан авч байна. Ферм дээр үхрээ хүлээж аваад өөрсдийн дотоод кодоор ээмэгжүүлэх ажил хийгддэг. Энэ нь дотоод кодын дагуу үхэр нэг бүрд карт үүсгэж байгаа хэрэг юм. Карт маань дотроо хоёр төрлийн мэдээллийг агуулдаг. Нэгдүгээрт биеийн жин, биеийн ерөнхий байдал, нүдний эмгэг байна уу, туурай ямар байна гэх мэт 17 нэр төрлийн үзлэг хийсэн тэмдэглэл. Хоёрдугаарт гарал үүсэл. Тухайн үхрийн гарал үүсэл буюу Мал эмнэлгийн гэрчилгээг авахдаа тэр бүс нутгийг хариуцсан мал эмнэлгийн байцаагчаас зөвшөөрөл авдаг. Мал эмнэлгийн гэрчилгээний дагуу тухайн үхрийг аль аймаг сумын, аль багийн хэн гэдэг малчны хотноос ирсэн бэ? гэдгийг тодорхойлох боломжтой. Товчхондоо бид хэрэглэгчдээ сэтгэл ханамжтай, итгэлтэй байлгах зорилгоор маш дэлгэрэнгүй бөгөөд баталгаат бүртгэлийн санг бий болгож эхэлсэн. Ер нь бид үхрээ худалдан авахаас эхлээд хэрэглэгчийн гар дээр бүтээгдэхүүн болж очих хүртэлх бүх үе шатанд олон улсын стандарт, чанар шаардлагын дагуу маш хариуцлагатай ажиллана. Энэ нь эргээд манай компанийн, манай бүтээгдэхүүний давуу тал нь болно гэж харж байна.
Үхрээ юугаар тэжээхээс шалтгаалж чанартай хүнс мөн үү? амт шимт, шүүс нь ямар вэ?, өөх мах нь алагласан уу? гэх мэт олон зүйлд нөлөөлдөг юм байна лээ. Мэдээж үхрийн махны хувьд хатуу, зөөлний асуудал бас яригдаж таарна. Тэгвэл танайх үхрүүдээ фермд ямар хугацаанд тэжээх вэ? Юугаар тэжээх вэ?
Тэгэлгүй яах вэ, Өгч буй тэжээл хамгийн чухал. Бидний хувьд ногоон тэжээл, үр тариан тэжээл, хүчит тэжээл, эрдэс тэжээл гэсэн төрлүүдийн хольцоор манай мэргэжилтнүүдийн тогтоосон хэмжээ нормын дагуу 3 сар гаруй хугацаанд бордоно. Энэ хугацаандаа бордож буй тэжээлүүдээ мэргэжлийн байгууллагад тогтмол шинжлүүлж ажиллана. Тэжээлүүд маань GMO өөрчлөлт байна уу гэдгээс эхлээд л шалгах хэрэгтэй шүү дээ. Юугаар ямар хэмжээтэй бордох нь ферм бүрд харилцан адилгүй. Үхрээ их жин татуулахын тулд нэмэлт бордоогоор маш их борддог газрууд ч бий. Жин их нэмэгдэхийн хэрээр тухайн үхэр маань өвчилж байдаг. Харахад өөхгүй, сайхан цул бор мах. Гэтэл өвчтэй үхрийн мах хүний биед хор л болно. Жишээ нь, ийм төрлийн үхрийн махны сахрын хэмжээ маш их байдаг. Чихрийн шижин өвчтэй хүн идэхийг хориглох хэмжээний тийм их. Тиймээс л юугаар тэжээж бордох нь хамгийн чухал байгаа юм. Ямар тэжээлээр, ямар хугацаанд бордож байснаас шалтгаалан гарсан махыг GRASS-FED, GRAIN-FED гэж хоёр ангилдаг. Манай компанийн хувьд GRASS-FED буюу өвсөөр тэжээсэн үхрийн махыг зах зээлд нийлүүлэх зорилготой.
Танай компанийн үйл ажиллагаа албан ёсоор эхлээд хоёр сар гаруйн хугацаа л өнгөрч байна. Төв аймгийн Сэргэлэн сум дахь фермийн барилгын ажил хэзээ бүрэн дуусах вэ? Хэрэглэгчдийн гар дээр хэзээнээс эхэлж, ямар ямар бүтээгдэхүүн хүрэх вэ?
Бид бордох үйл ажиллагаагаа 07-р сарын 1-ний өдрөөс эхлүүллээ. 11 сард зах зээлд эхний бүтээгдэхүүнээ гаргах зорилготойгоор бүх үйл ажиллагаагаа төлөвлөсөн. Хөрөнгө оруулалтын ажлууд маань ч ид явагдаж байна. Хүйтнээс өмнө ажилчдын байр, тэжээлийн агуулахаа барих гэх мэтээр хийх ажил их байгаа. Харин бүтээгдэхүүний тухайд, бид хэрэглэгчдэдээ үндсэн 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хүргэхээр төлөвлөсөн. Зөвхөн стейк гэхэд л дотроо 10 гаруй янз байна. Ингээд задлаад үзвэл савлагаа, нэр төрлөөсөө хамаараад 100 гаруй янзын бүтээгдэхүүн гарах юм. Хэрэглэгчдийн гарт хүрэх бүтээгдэхүүн нэг бүр маань хамгийн ЗӨӨЛӨН, ШҮҮСЛЭГ, ШИМТЭЙ үхрийн мах байх болно.