alim.mn | 2025.05.17
"Монгол Жангүм" тархины саажилттай 2720 хүүхдийг тэргэнцэртэй болгожээ
Монгол Жангүм гэж нэршсэн А.Одончимэг шинийн 8-ны билэгт сайн өдөр Цагаан давааны хогийн цагт ажилладаг хүмүүст өөрөө хийсэн халуун хоол, талх, хүнсний бүтээгдэхүүн тараалаа. Үүнийгээ "Уул хайрхнаа тахих нэрээр хог хаягдлаар дүүргэж гандан хийдийн дээвэр бохирлож тагтаа шувуу цуглуулж явснаас ингээд бие биенээ хайрлаж хүн баярлуулж ядарсандаа БУЯН хийгээрэй Монголчууд минь. ТОМ ЗАСАЛ ШҮҮ" гэж тайлбарласан. 
 А.Одончимэг өөрийн өрхийн үйлдвэрлэлийн нэрийн дэлгүүрээ Гачууртаас 10 км-ын зайд нээсэн билээ. Тэрбээр сүү сүүн бүтээгдэхүүн болоод уламжлалт хоолны соёл болоод хэрхэн хийх талаархи мэдээ мэдээллийг олон нийтэд нээлттэй хуваалцдаг нэгэн. Тэгээд "Монгол Жангүм" гэж алдаршсан юм. Баянхонгор аймгийн харъяат тэрбээр нийслэлд ирж суурьшаад удаагүй. Өрхийн үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг авдаг хэрэглэгч олон учраас өөрийн жижигхэн ажлын байртай болохоор 40 тонны контейнэр тохижуулаад дэлгүүр нээжээ. Өдрийн турш сүү, цагаан идээ боловсруулж, хоол хийнэ. Нөхөртэйгөө хоёулаа ажилладаг, амралтын өдрүүдээр хүүхдүүд нь ирж тусалдаг гэнэ. Өглөөний 5, 6 цагаас ажил нь эхэлдэг. Өдөрт 25 талх, гэрийн боорцог 25 уут гурилаар  хийнэ. Хажуугаар нь хоол захисан хүмүүсээ ирэхэд хоолыг нь бэлэн байлгадаг. Цагаан идээг боломжоороо эрж сурсан хүмүүст бэлэн байна байлгахыг хичээдэг. Үүр цайхаас эхлээд бэлдсэн бүтээгдэхүүнүүд нь өдрийн 14-15 цагт дуусчихдаг юм билээ. Хотод сүүний олдоц муу, бас хольц ихтэй болохоор Баянхонгорынхоо малчдаас сүүгээ авдаг аж.

 А.Одончимэг дөрвөн хүүхэдтэй. Нэг хүүхэд нь тархины саажилттай байсан. Төрөх үед эх баригч эмчийн алдаанаас болж, чулуун шалан дээр хүчтэй унаснаар тархины саажилттай болсон гэдэг. Хүүхэддээ 6 удаа хүнд хагалгаа хийсэн ч бүгд амжилтгүй болжээ. Тэгээд  сайн рашаан байдаг гэдгийг сонсоод Шаргалжуутыг зорьж очоод суурьшсан байна. Шаргалжуутын рашаан сувилалд тархины саажилттай хүүхдүүд их ирдэг. Жилд дунджаар 2000 орчим хүүхэд ирдэг. Тэдэнд бантангаас эхлээд чадахаараа туслахыг хүссэнээр олон төрлийн хоол хийж байгаад л тогооч болжээ. Уг нь геологи хайгуулч мэргэжилтэй. Тархины саажилттай хүүхдүүдтэй ойр ажиллаж, тэдэнд тусалсаар хэдийн 25 жил болжээ. Энэ хугацаанд  2720 хүүхдийг тэргэнцэртэй болгосон байна. 

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ