ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТРЫН УРАН БҮТЭЭЛЧИД 14 СУМЫН 12,000 ГАРУЙ ҮЗЭГЧДЭД ТОГЛОЛТОО ӨРГӨН БАРИЛАА

Б.Пүрэвдагва даргатай Баянхонгор аймгийн ХДТ-ын уран бүтээлчид 2021 оны 11-р сарын 15-ны өдрөөс 12-р сарын 15 хүртэлх бүтэн нэг сарын хугацаанд Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Гурванбулаг, Заг, Жаргалант, Баян-Овоо, Эрдэнэцогт, Жинст, Богд, Баацагаан, Баянцагаан, Галуут зэрэг нийт 14 сумын 12,000 гаруй үзэгчдэд “Тэнгэрлэг түмний дуулал” аялан тоглолтоо өргөн барьжээ.
КоВид-19 цар тахлаас шалтгаалан аливаа олон нийтийн үйл ажиллагааг хориглоод байсан бол 2021 оны 10-р сарын 01-ээс үзвэр үйлчилгээг нээсэн УОК-ын шийдвэрийн хүрээнд манай театрын удирдлагууд орлогын төлөвлөгөөгөө гарган улмаар жилийн орлогоо сүүлийн хоёр сард 140 гаруй хувиар давуулан биелүүлээд байгаа аж.
Тоглолтод ХДТ-ын дотоод таван нэгжийн 35 уран бүтээлч оролцсоноороо сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр тоглосон тоглолт болоод байна. Тоглолтыг уран сайхны удирдагч МУГЖ Ц.Алтанцэцэг, найруулагч, МУСТА С.Тогоомөнх нар найруулан уран бүтээлчдээ ахлан ажиллажээ.
Ийнхүү Баянхонгор аймгийн ХДТ-ын нийт уран бүтээлчид 14 суманд тус бүр гурван хэсэг нийт 42 удаагийн арга хэмжээгээ хүүхэд, насанд хүрэгчдийн нийт 12,000 үзэгчдэд амжилттай хүргэсэн байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ