
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Ардчилсан намд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой асуудлаар маш ноцтой мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монголд хууль шүүхийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглах, улс төрчдийг айлгадаг, дарамталдаг тэднийг өөрсдийн ярьдаг хонгилоороо чирдэг үйл явдал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Би тэрхүү хонгилоор чирүүлж буй хүмүүсийн нэг. Ардчилсан намд үүсээд буй нөхцөл байдлын цаана байгаа гол эзэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга. Өнөөдөр хууль бус дотоод сонгуулийн хороог зохион байгуулж, Баянгол зочид буудалд бүрэн бүрэлдэхүүнээр нь аваачиж, архидуулж, мөнгө хахууль өгч, зохион байгуулалттай ажиллуулж буй хүн бол Ерөнхийлөгч мөн түүний тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нар юм.
Би эрүүдэн шүүлтийн бай болж байна. Миний эргэн тойронд байгаа хүмүүсийг барьж хорьсон, удаа дараа заналхийлж байна. Би 2016 онд Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайдын ажлаа хариуцлагатайгаар өгсөн. Намайг ажлаа өгөхөд нэг ч банканд эрсдэл үүсээгүй байсан. Тухайн үед Үндэсний аудит болон Мэргэжлийн хяналтын шалгалт оруулаад хариуцлагатайгаар ажлаа хүлээлгэн өгсөн. Гэтэл гурван жилийн дараа капитал банканд байсан 238 тэрбум төгрөгийг эрсдэлд оруулсан хэргийг надад тохох гэж оролдсон. Энэ мэт хэргээр Ерөнхийлөгч намайг удаа дараа дуудаж, намын даргын ажлаа өг гэж “шантаачилж” байсан. Ерөнхийлөгч болон түүний гар хөл болсон Ц. Туваан мэтийн нөхдүүдийн увайгүй, дүрмийн бус үйл ажиллагааг би 2020 оны 12 дугаар сарын 17-ныг хүртэл би энэ бүхнийг тэвчсэн. Гэвч бодит үнэнийг хэлэхээс өөр аргагүйд хүрлээ” гэв.