
Энэ оны ТББ-д хамгийн “ээлтэй” төсөв захирагчаар Гадаадын иргэн харьяатын газрын дарга Х.Ууганбаяр шалгарах нь бараг тодорхой болжээ. Тэрээр доорхи нэр бүхий долоон ТББ-тай нийт хагас зуун сая гаруй төгрөгийн гэрээ байгуулсан байна. Газрын даргатан цахим хөгжүүлэгч залуусаар шинэчлэн батлагдсан “Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хууль”-иа цахим орчинд сурталчлан таниулах “хүнд” бөгөөд “бэрх” ажлыг хийлгэх гэнэ. Хийлгээд ч эхэлсэн байна. Газрынхан контентаа өөрсдөө бэлдэж өгөх аж. Төрийн албаныхан тул үг үсгийн алдаа гаргах өндөр магадлалтай учир ТББ-ынхан засаад цахим орчинд тарааж байгаа бололтой. Гэрээ байгуулахдаа ажилтнуудынхаа чадварын түвшинг “харгалзаж” үзээд алдааг нь бусдаар засуулахаар заалт оруулсан байна. Хуулийн сурталчилгаанд хагас зуун сая төгрөгийн хөлстэй долоогийн долоон байгууллага ажиллаж байгаа атал цахим орчинд мэдэгдсэн зүйл төдий л алга. Хамгийн сүүлд харагдсан мэдээллээр газрын даргатан орж ирсэн гадаадын ажилчдыг хянаж чадахгүй байгаагаа учирлаж зовлон тоочсон. Уг нь хуулийн сурталчилгаанаас илүүтэйгээр хяналт чухал баймаар. Гэхдээ төсвийн хөрөнгөнийхөө ихээхэн хэсгээр ТББ-уудыг “угжиж” буй тул цаана нь хяналт, шалгалтанд тавигдах зардал төдий хэмжээгээр багассан биз...


