
Apple TV+ сувгийн The Reluctant Traveler нэвтрүүлэгт Их Британийн угсаа залгамжлах хунтайж Уильям оролцож, Канадын жүжигчин Евгений Леви ханхүүгээс ярилцлага авчээ.
Олны сёонирхлыг татсан энэ “рояль” ярилцлага мянган жилийн түүхтэй Виндсор шилтгээнд эхэлсэн байна. Хунтайж Евгений Левитэй уулзахаар ирэхдээ цахилгаан скүтертэй иржээ.
Ярилцлага хаант засаглалын ирээдүй, гэр бүл зэрэг хэд хэдэн чухал сэдвийг хөнджээ. Хунтайж Уильям урьд өмнөх ярилцлагуудыг бодоход илүү нээлттэй, хувь хүн рүүгээ чиглэсэн чөлөөтэй байсан нь нэвтрүүлгийн үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ.
Сонирхуулахад Евгений Леви алдарт “Америк бялуу” цувралд тоглодог. Бүр сонирхолтой нь Хунтайж Уильям уг цувралын шүтэн бишрэгч гэдгээ хэлжээ. Мэдээж тэгэхээр Левитэй уулзахад таатай байгаа, үүнийгээ ч илэрхийлэв.
Хунтайж Уильям эцэг III Чарльз хааны дараа хаан ширээг залгамжилна. Тэрбээр ИБУИНВУ-ын хаан болсныхоо дараа томоохон өөрчлөлт шинэчлэл хийхээр төлөвлөсөн гэдгээ ярьжээ. Ирээдүйн хаан Уильям “Хаан ширээ залгамжилж хаан суухаар миний гол анхаарлаа хандуулж байгаа зүйл бол өөрчлөлт. Би өөрчлөлтөд дуртай, өөрчлөлт сайн зүйл. Хэт радикал биш ч гэсэн төлөвлөж байгаа хэд хэдэн өөрчлөлт байна” гэсэн байна. Уламжлал чухал ч зөв замаар үргэлжлэх ёстой гэж үздэгээ Уильям ярьжээ.
Хунтайжийн угсааг уламжлал ёсоор ууган хүү Жорж нь залгамжлахыг хүмүүс мэднэ. Уэльсийн хунтайж Уильям хүү Жорждоо бахархал төрүүлэхүйц хаан ширээг үлдээхийг хүсэж байгаа гэдгээ хэлжээ. Хунтайж Уильямын ууган ханхүү Жорж өнгөрсөн зун 7 сард 12 нас хүрсэн.
Английн угсаа залгамжлах хунтайж гурван хүүхэддээ одоо болтол гар утас хэрэглүүлдэггүй. Учир нь өөртөө, дүү Харридаа тохиолдсон зүйлсийг хүүхдүүддээ мэдрүүлэхийг хүсдэггүй гэсэн байна. Хунтайж ээж Уэльсийн гүнж Дианатай холбоотой хэвлэл мэдээллийн дарамт тэдэнд хүчтэй нөлөөлдөг байсныг ний нуугүй ярьжээ.
Мөн Уильямын хувьд өнгөрсөн 2024 он амьдралынх нь хамгийн хүнд жил байсныг ярилаа. Уильямын эхнэр Кэтрин болон түүний аав хаан Чарльз нар хорт хавдар туссан. Тэд эмчилгээгээ амжилттай хийлгэж, хүнд өвчнөө даван туулсанд нь үнэхээр их бахархаж байгаа гэдгээ Уильям ярьж, хүүхдүүд нь ч мөн хүнд цаг үеийн даван туулахад гайхалтай хүчтэй байсан гэдгийг төгсгөлд нь хэллээ.