П.Цэнгүүн, Л.Цандэлэг нарын 222 сая төгрөгийн ханштай шүүхийн тулаан “ХАЙНЦАА”-гаар өндөрлөжээ

"Алтан Тариа” компанийн П.Цэнгүүн, “Ургац Хүдэр”-ийн Л.Цандэлэг хэмээх манай гурил үйлдвэрлэл, газар тарилангийн хоёр магнат цагтаа хоёр бараг л өвөр түрийдээ орох нь холгүй найз явсан. Гэсэн ч 2018 онд гурилын магнат нь тод манлай уяач бөгөөд гавьяат тариаланч хэмээх урт гуншинтай андаа гэрээний үүргээ удаа зөрчсөн хэмээн буудайг нь авахаа больсоноос хойш хонь чоно болж хоёр биенийхээ муу муухайг дуудалцаж эхэлсэн. Энэ тэмцэл хурцадсаар өнгөрсөн оны хавар дээд цэгтээ тулж гурилын магнат нь гавьяат тариаланчийг УИХ-ын даргатай хамт шүүхэд өгөхөө цахимаар ил тод зарласан. Түүндээ ч хүрч нэр төр сэргээлгэх, уучлал гуйхыг даалгах, сэтгэл санааны хохиролд 222 сая төгрөг гаргуулахаар шүүхэд өгчээ.
“... Д.Цандэлэг нь өөрийн цахим хаягаараа хулгай, луйвар хийсэн хэмээн миний нэр хүндэд халдсан мэдээллүүдийг тогтмол тараасан. Хариуцагчийн хаяг нь 100,000 гаруй дагагчтай бөгөөд нийтэлсэн мэдээ болгон нь дор хаяж 100,000 хүнд хүрч тэдгээр нь цааш нь түгээх байдлаар явдаг. Хариуцагчийн өөрийн цахим хуудсаар нийтэлсэн нийтлэлүүдийн цааш түгээсэн тоо 444 байх бөгөөд 1 түгээлтийг 500 000 төгрөгөөр үнэлэн 222 000 000 төгрөгөөр тооцон сэтгэл санааны хохирлоор нэхэмжилж байна ...”
Гурилын магнатын гаргаж өгсөн жагсаалтаас үзэхэд гавьяат тариаланч гуай “гахай, лалар, хулгайч, луйварчин” гэх үгсээр зад бөмбөгдсөн аж.
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр :
“... Сайд нарын зөвлөлийн дарга гэдэг хүн Алтан тариа ХК-ыг 600 гаруй сая төгрөгөөр З.Э-той хуйвалдаж авч байхад саванд нь тэрбум гаруй төгрөг будаа хадгалж байсан түүхтэй, Одоо хүргэн Цэнгүүн гэж угаадсандаа гахаж үхдэггүй лалар байнаа тариаланчдыг үргэлж шулж мөлждөг гахай ...”
2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр :
“... Алтан тариа бүүр 450к аар авий өгөхгүй бол буцаагаад яв, Хивэгээ 660к зардаг Цэнгүүн гахай гахаж үхээсээ дээ, 5 нугарсан гурилын бизнес дэлхийд байхгүй, зөвхөн Монголд л байдаг ...”
2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр :
“... Муу лалар хямд авах гэж л миалж суугаа өнгөрсөн жилийн тариаланчдаас авсан будааныхаа мөнгийг Алтан тариа одоо болтол төлөөгүй Цэнгүүн луйварчин лалар л даа ...”
2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр :
“... Алтан тариа тариаланчдын будааны мөнгийг өгдөггүй маш их хорогдол тооцож мөнгөнөөс хасдаг 500 төг авсан будаагаа тээрэмдээд 2500 төгрөг 1 кг гурил болгож зардаг. П.Цэнгүүн бол увайгүй дээрэмчин ...”
2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр :
“... Цэнгүүн тариаланчдын тарьсан улаанбуудайг тээрэмдэж хулгайгаар авсан Алтан тариа хагартлаа баяжаад эргээд ингэж доромжилж байгаа нь энэ ямар гахай гэдгээ харуулж байна ...”
Харин гавьяат тариаланч харилцан бие биенээ “бичилцсэн” гэж мэлзжээ.
“...Хулгайч, луйварчин гэсэн нь компанитай холбоотой, гурилын үнэтэй холбоотой бухимдаад л хэлсэн байх ... Харин угаадсандаа хахаж үхдэггүй лалар байнаа, тариланчдыг үргэлж шулж мөлждөг гахай, хулгайч, увайгүй дээрэмчин гэсэн нь би уурласандаа л бичсэн байх тул энэ үгэндээ бол уучлал гуйж байна, одоо өөрийн Твитер хуудсандаа уучлалт гуйхыг зөвшөөрч байна. Гэхдээ надад сэтгэл санааны хохиролд өгөх мөнгө байхгүй, ийм их мөнгө нэхэмжилж байгаад гайхаж байна. П.Цэнгүүн өөрөө бас намайг бүүр том гахай, нүүрээрээ дүүрэн амтай, мэдрэлийн өвчтэй, хулхи, худалч гэж хэлж бичиж байсан, үүнд нь би бас гомдсон шүү ...”
Л.Цандэлэг нь шүүх хуралдааны танхимд “гахай, лалар” гэж хэлсэн үгэндээ өөрийн твиттер хуудсаараа уучлал гуйхыг зөвшөөрсөн байна. Мөн шүүх сэтгэл санааны хохиролд 222 сая төгрөг тооцоолж гаргасан аргачлал нь ойлгомжгүй гээд хэрэгсэхгүй болгожээ. Ингэснээр гурилын магнат гавьяат тариаланч хоёрын шүүхийн тулаан “хайнцсан” гэхэд болно. Үүний дараа гавьяат тариаланч гуай “Алтан тариа”, П.Цэнгүүн гэсэн нэр орсон өөрийн бүх пост, ярилцлага, бичлэгээ цахим орчноос устгуулж авахуулсан байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ