Манай анхны гадаад хөрөнгө оруулалттай гэх энэ банкинд “дайрлага” дайрсан гэхэд болно. Муу авлага зээл нь 100 тэрбум хүрч, эрсдэлд орж болзошгүй 200 тэрбум төгрөг байршиж байдаг. Үүнд Нийгмийн даатгалын сангийн 96,5 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын 30,9 тэрбум төгрөг ордог. Банкны зохистой шалгуур үзүүлэлтүүдийг сүүлийн гуравдахь жилдээ хангаагүй баларч яваа энэ банкнаас “муу дээрээ муухай” гэгчээр хумсалдаг хулгайлдаг захирлууд салахаа больжээ. Хамгийн сүүлд л гэхэд Хөрөнгө зохицуулалтын хэлтсийн захирал бөгөөд ерөнхий нягтлан бодогч Б.Одбаяр нь ажилтнуудынхаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлөх 22 сая төгрөг, бусад компаниудад төлөх 26 сая төгрөг буюу нийт 48,8 саяыг “над руу шилжүүлчих, би төлчихье” хэмээн нягтлангаасаа хувийн дансаараа аваад цаашаа өгөөгүй байна. Экс захиралтан нийт зургаан удаагийн үйлдлээр мөнгө авчээ. Тэгээд 2024 онд ээлжийн амралтаа аваад ажилдаа эргэж оролгүй зугтаагаад алга болсон гэнэ. Ядаж байхад энэ банк үйл ажиллагааны зардлын төлбөр тооцоогоо бусад банк руу шилжүүлж чаддаггүй, бэлнээр аваачиж тушаадаг байжээ. Ингээд 2024 оны зунаас “нийгмийн даатгалын мөнгө төлөгдөөгүй байна” гэх яриа гарч дотоод шалгалт явуулахад экс захирлын хувийн дансаар ороод дашин шог болсон нь тогтоогджээ. Зугтаагаад алга болсон тул гэрийх нь хаягаар очоод уулзаж чаддаггүй, утсаа авдаггүй тул арга буюу цагдаад хандсан байна. Экс захиралтан хэргээ хялбаршуулсан байдлаар шийдвэрлүүлсэн агаад дөрвөн сая төгрөгөөр торгуулжээ. Тэрээр өдгөө Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд Санхүү мэргэжлийн удирдлагын газрын даргаар ажилладаг гэнэ.
