Улсын наадамд үзүүрлэж, гарди цол авсан Нямдоржийн Өсөхбаяр Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат. Тэрбээр 2012 оноос үндэсний бөхөөр хичээллэж байгаа. Үндэсний бөхийн өсвөрийн УАШТ-д 3 дараалж түрүүлсэн, залуучуудын ангиллын УАШТ-д 1 түрүүлсэн амжилттай. 2014 оны Үндэсний их баяр наадмаар хүүхдийн барилдаанд үзүүрлэжээ. Тухайн жилдээ сумын заан болж, 2015 онд цолоо баталсан. 2017 онд аймгийн харцага, 2018 онд аймгийн арслан болж, 2022 онд цолоо баталж, хурц арслан болжээ. Н.Өсөхбаярын заалны барилдаанд идэвхтэй барилддаг, ямар ч цолтой бөхтэй үнэн хүчээ үзэн ач тач барилддаг, ирээдүйд өндөр цолонд хүрч ирэх цагийн өнгийг тодорхойлох бөхчүүдийн нэг гэж бөх сонирхогчид үнэлдэг.
Түүнд аав ээж нь анх Тодбаяр нэрийг хайрлажээ. Тухайн үед Бөхийн өргөөний нээлтийн барилдаан болж Г.Өсөхбаяр аварга түрүүлж байж. Ээжийнх ээж “Тодбаяр гэж нэрлэхгүй, Бөхийн өргөөнд түрүүлсэн бөхийн нэрийг өгнө” гээд Өсөхбаяр болгожээ.
Н.Өсөхбаяр бөхийн удамтай. Аавынх нь аав, өвөө нь аймгийн хурц арслан Тавхайн Гомбо гэж хүн байсан аж. Аавынх нь дүү, үеэл ах, төрсөн ах нар нутагтаа сайхан барилдчихдаг сумын цолтой хүмүүс байдаг.
Н.Өсөхбаях жүдогоор хичээллэж байсныг бөх сонирхогчид андахгүй. Анх 2017 онд аймгийн харцага болж, 2018 онд аймгийнхаа наадамд түрүүлсэн. Бөхийн хамгийн том бэрхшээл болох бэртэл авч гурван жил үндэсний бөхийн бэлтгэлээ хийхгүй өнжсөн удаатай. Бэртлээ анагааж 2022 оноос арай дээр болж, нутгийнхаа наадамд барилдан аймгийн арслан болжээ.
Дарьганга нутгаас Н.Өсөхбаярыг Улсын аварга болно гэж бэлгэшээдэг. Олны амны билгээр болж Улсын наадамд урамтай сайхан барилдан үзүүрлэж, Гарди цол хүртлээ. Харамсалтай нь допинг илэрсэн гэх яриа гарч байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.