alim.mn | 2025.05.16
Хэнтийн “Цахиур Төмөр” эмч өвчтөнүүдээс хууль бусаар авсан 11 сая төгрөгөө хүүхдүүдийн эмчилгээний хандивт өгсөн гэжээ

Баячуудын адуу малыг хулгайлан ядууст тараадаг Цахиур Төмөр нарын “шудрага” үйлсийг Хэнтийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Д.М давтжээ. Тэрээр 2020-2022 оны хооронд цөсний чулуу авахуулах дурангийн хагалгаанд орсон 30 гаруй өвчтөнгөөс “хагалгааны төлбөр”, “багажны үнэ” хэмээн нийт 11,2 сая төгрөгийг хувийн дансаараа аваад баригджээ.  “Цахиур Төмөр” эмч нэг өвчтөнгөөс 370-450 мянган төгрөг авдаг байжээ. Цөсний дурангийн хагалгаа нь төлбөртэй гэдэгт итгэсэн өвчтөн, тэдний ар гэрийнхэн шууд төлж ирсэн байна. Цөсөө авахуулсан иргэд “... 2022 оны 3-р 3-ны өдөр тухайн үед манай ээжийг эмчлэгч эмч болох М   цөсний хагалгааг дурангаар хийх болсон, төлбөр 450 мянган төгрөгийг миний Хаан банкны дансанд хийх ёстой гэсэн. Хэрвээ төлбөргүй хагалгаанд орох бол нээлттэй зүсэж хагалгаа хийнэ гэсэн. Тийм учраас би ээжийн цөсний чулууг авахуулах хагалгааг дурангаар хийлгэе гээд нэхсэн мөнгийг шилжүүлсэн ...”, “... хагалгааны маргааш нь М эмч намайг өрөөндөө дуудаж уулзаад хагалгааны төлбөр 450 мянган төгрөг тушаагаарай гэхээр нь би эмчээс өөрийнх нь дансыг авч охиноороо 450 мянган төгрөг шилжүүлсэн...”, “... тухайн үед хүү Гансух миний хагалгааны төлбөр болох 450 мянган төгрөгийг нь хагалгаа хийсэн эмч М-ын хувийн дансанд хийсэн гэж хэлсэн ...”  хэмээн мэдүүлжээ. Энэ хэргийн хамгийн “магтууштай” нь эмч Д.М нь өвчтөнүүдээс хууль бусаар авсан 11,2 сая төгрөгөө хувьдаа огт зарцуулаагүй гэнэ. Ихэнхи хэсгийг нь цахимаар явдаг өвчтэй хүүхдүүдийн эмчилгээний зардлын хандивт өгчээ. Мөн ковидын үед тэр мөнгөнөөсөө амны хаалт, халаад зэргийг худалдан авч эмнэлгийнхэндээ тараасан гэнэ. Дурангийн хагалгаанд шаардлагатай багаж хэрэгсэл хүртэл худалдан авчээ. Тэрээр улсад 23 жил ажилласан ахмад эмч аж. Шүүх “Цахиур Төмөр” эмчийг 15 сая төгрөгөөр торгожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ