
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Сүмбэрийн ... тоотод байх гэртээ мэдээллийн технологи ашиглан өөрийн фэйсбүүк хаягаас “pokerrrr2 Элэг нэгтэн покер клуб” гэх нэртэй бүлэг үүсгэн ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөрийн төрсөн ээж С.Н-ийн харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 37 010 859,41 төгрөгийн ашиг олсон гэх гэмт хэрэгт холбогджээ. Тэрээр “... интернетээс pokerrrr 2 гэсэн нэртэй аплекейшн татаад тэрэндээ өөрийн Будка Б гэсэн нэртэй фэйсбүүк хаягаа холбож ороод покер тоглох “Элэг нэгтэн покер клуб” гэх нэртэй бүлэг үүсгэсэн юм. Тэгээд бүлэгтээ хүн нэмэхийн тулд 7 ptru гэсэн код үүсгээд эхний ээлжинд өөрийн таньдаг найз нөхдөд кодоо хэлээд мөнгөө .... гэсэн манай ээжийн дансанд байршуулж тоглож байсан. Тэгээд сүүлдээ тэнд тоглож байсан хүмүүсийн найз нөхөд гэж нэмэгдээд нэлээд олон хүн болсон. Яг мөнгө байршуулж тоглодог 70- 80 орчим хүн байсан. Анх хамт ажилладаг Төрболд нар орж ирээд ямар нэгэн мөнгө тавихгүйгээр тоглож эхэлсэн. Тэгээд эхэндээ тус аплекейшн нь 20 минут болоод хаагдаад байсан. Тэгэхээр нь судалж байгаад олон улсын данс холбох юм бол нээгдэж тоглох боломжтой юм байна гэж мэдээд ээж Н-ийн ашигладаггүй байсан олон улсын ... гэсэн дансыг өөрт нь юунд ашиглах гэж байгаагаа хэлэхгүйгээр авсан. Тэгээд би өөрөө ээжийн дансанд мөнгө хийгээд тэрүүгээрээ Голд буюу тухайн аплекейшнаараа ширээ ажиллуулах эрх авдаг байсан. Нэг удаа эрх авахдаа 280 000 төгрөгөөр доллар худалдаж аваад тэрүүгээр 840 Голд буюу эрхээ авдаг байсан. Өдөртөө 200 орчим голд буюу эрх ашигладаг байсан. Би ширээ нээх эрхээ 280 000 төгрөгөөр доллар худалдаж аваад нээгдэнгүүт Элэг нэгтэн покер клуб дотор байгаа хүмүүст харагддаг. Тэгээд тэр хүмүүсээс тус ширээнд сууж тоглох хүсэлт ирдэг бөгөөд би .... дансаа байршуулангуут хүмүүс мөнгөө хийж би мөнгө хийсэн хүний хүсэлтийг нь авч ширээнд суулгаад тэр хүмүүсийг покер тоглуулдаг байсан. Нэг ширээнд нийтдээ есөн хүн суух боломжтой. Тоглолт бүрийн нийт цугларсан мөнгөнөөс нэг хувь нь дансанд үлддэг. Тэр нэг хувь нь үндсэндээ миний Элэг нэгтэн покер клубээр ширээ ажиллуулан хүмүүс покер тоглуулсны ашиг байгаа юм. Тэр нэг хувиас цугласан мөнгөөр би дахин ширээ нээх эрх буюу Голд худалдаж авах, тоглож байгаад сайн мод нийлүүлсэн хүмүүст урамшуулал олгох зэрэгт зарцуулагддаг байсан. Би хожсон хүнийх нь дансанд хожсон мөнгийг нь шилжүүлдэг байсан. Надад ашиг гэж өдөрт 40-50 мянган төгрөг үлддэг байсан. Зарим үед тэрнээс их үлддэг байсан. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан 37 010 859,41 мөнгөтэй санал нийлж байна” гэжээ.