
Хан-Уул дүүрэгтбайрлах Зэвсэгт хүчний ... дугаар ангид артиллерийн тагнуулын удирдах батарейны байр зүйч телефончноор ажиллаж байсан, ахлагч М.Г болон мөн ангийн Зэвсэгт хүчний ... дугаар ангид холбооны зангилгааны даргаар ажиллаж байсан ахлах дэслэгч С.О нар нь архидан согтуурч, хугацаат цэргийн албан хаагч Б.С, А.А, Э.С нартай цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж зодсон хэрэгт холбогджээ. Хохирогч Э.С-ын: “...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр манай бие бүрэлдэхүүн хоол идсэний дараа ахлах дэслэгч С.О анги салбаруудыг жагсаалын талбай дээр жагсаагаад тус талбайг тойруулж гүйлгэсэн бөгөөд бага дарга нарыг жагсаалаас гаргаж ирээд “Цэргүүдээ олигтой харж анзаарч явсангүй” гэж хэлээд гараараа нүүр рүү нь бүгдийг нь цохисон. Тухайн үед С.О ахлан дэслэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд тухайн үед Б.С, Д.Д, А.А нар цохиулсан. ...Мөн орой хоол идэж байх үед ахлах дэслэгч С.О хоолны газарт орж ирээд Б.С-ийг “Мөрдөсгүй явлаа, цолоо голж байна уу” гэж хэлээд бид нарын нүдэн дээр нүүрэн тус газар нь 5-6 удаа гараараа цохисон. 20 цагийн үед бид нарыг цэргийн байрандаа байж байх үед ахлагч М.Г орж ирээд бид нарыг жагсаагаад бага дарга нар болох Б.С, А.А нарыг дуудан гаргаж ирээд Б.С-ийг цолоо голсон гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараа зангидаж байгаад дотор хэсгээр нь 10 орчим удаа цохисон. А.А-ийг хамруулаад шалтгаангүйгээр гараараа цээж болон нүүрэн тус газар нь 10 гаруй удаа цохисон. ...Тухайн үйл явдал болж байх үед би ахлагч М.Г-ыг болиулах гэж “Та хүнийг арай ч ингэж болохгүй шүү дээ” гэж хэлэх үед М.Г ахлагч намайг жагсаалаас дуудаж гаргаж ирээд миний нүүр рүү гараараа 10 гаруй удаа цохисон. ...” гэжээ.