
Өнгөрсөн 2021 оны 9-р сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-2 хороололд үйл ажиллагаа явуулдаг Капитрон Буянт-Ухаа тооцооны төвд бэлэн байгаа орлогын мөнгийг авах зорилгоор теллер ажилтай Г.Т -д хутга тулган довтолсон хэрэг гарсан. Тухайн үед гэмт этгээд мөнгө авч чадаагүй. Энэ хэргийг 46 настай Л.Э үйлджээ. Тэрээр байраа ББСБ-д барьцаалан 10 сая төгрөгийн зээл авчээ. Авсан мөнгөө юунд үрсэнээ эхнэртээ хэлээгүй агаад би өөрөө төлнө гэдэг байжээ. Зээл авч өрөө төлөх гэхээр хүү нь өндөр байсан тул хүүгүй мөнгө олохоор шийджээ. Ингээд бодсоор “Буянт-Ухаа-2” хороололд байх Капитрон банкны теллерийг айлган сүрдүүлж 10 сая төгрөг аваад теллер залууд нэг жилийн дараа буцааж өгнө гэж хэлэх “мэргэн” санаа олжээ. Энэ санаагаа хэрэгжүүлэхээр 15 цагийн үед торонд хутга хийгээд гэрээсээ гарч автобусаар явж Буянт-Ухаа спорт ордны хойд талд буужээ. Гэтэл тэр хавиас бээлий худалдаж аваад таксидан “Буянт-Ухаа-2” хороололд очоод баруун урд талын байрнуудын орчим буусан. Таксины жолоочид “гэрээсээ юм аваад гараад ирье”гэж хэлээд хүлээлгэжээ. Банк руу ороход 3-4 хүн байсан ба дотогш оролгүйгээр коридорт бээлийгээ өмсөн маскаа зүүгээд хүмүүсийг гарахыг хүлээж зогссон. Хамгийн сүүлийн хүн гарахад теллер залуу “16 цаг болсон байна, одоо сүүлийн гүйлгээ хийнэ, та гадна хаалгыг түгжээд ороод ир” гэж хэлэхээр нь хаалгыг түгжээд банк руу оржээ. Оронгуутаа цагаан өнгийн тороо теллерийн ширээн дээр тавиад баруун гараараа дотороос нь хутгаа гаргаж ирээд зүүн гараараа теллерийн хүзүүнээс барьж тулгаад “би чамайг айлгаж байна” гэжээ. Гэтэл теллер айгаагүй агаад “яаж байгаа юм бэ” гээд ноцолджээ. Хэрэгтэн теллерийг хутгаар гэмтээчихээс айж ширээн дээр унагажээ. Тэр хоёр ноцолдсоор цонхны орчим ирээд шалан дээр унажээ. Унах үер хэрэгтний маск унаж теллер царайг нь харсан байна. Доор нь орсон тэрээр “ахаа одоо больчих л доо, та шоронд орно, харин ингээд больчихвол хэн хэндээ аюулгүй” гэхээр нь шууд босоод ан хутга, тороо аван гараад урд талын байр руу гүйжээ. Байрны булангаар тойрон төв зам руу чиглэхдээ хар өнгийн “ланд круйзер-200” машиныг зогсоон эмэгтэй жолоочоос нь “төв зам руу хүргээд өгөөч, охин төрчихөөд Хан-Уул дүүргийн эмнэлэг рүү яарч байна” гэжээ. Машинд суугаад хөдөлсөн ч Яармагийн гүүр даваад зам түгжрэлтэй байсанд “эндээс алхаад явчихъя” гээд буужээ. Тэндээсээ автобусанд суугаад Хархорин захын ард талын 32 дугаар байрны автобусны буудалд буусан байна. Гэртээ ирээд нэлээд айж сандарчээ. Шинэ хотхоны хогийн цэгт хог шатаадаг сараалж байдгийг мэдэх тул эхнэр, хүүхдүүдэдээ мэдэгдэхгүйн тулд тухайн үед өмсөж явсан цэнхэр өнгийн саравчтай малгай, цэнхэр иштэй хар өнгийн нүдний шил, хар хөх өнгийн биеийн тамирын цамц, ногоон өнгийн хантааз, аяллын хар өнгийн өмд, хар өнгийн пүүз, авч явсан модон иштэй, үзүүр хэсэг нь хугархай хутга, тор зэргийг цаас асааж байгаад шатаажээ. Теллерийн мэдүүлсэнээр хэрэгтэн нь настай хүн тул нэлээд ноцолдоод тамирдаж эцсэн тул дийлэхгүйгээ мэдээд зугтжээ. Зугтсаны дараа нэг үйлчлүүлэгч орж ирсэн агаад банкны сандал ширээ унасан, харин теллер залуу нь уйлаад сууж байсан гэж мэдүүлжээ. Шүүх хэрэгтэнд 3,6 жилийн хорих ял оноосон.