
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат М.Баттөгс нь самар түүх зорилгоор иргэдийг зохион байгуулж, 2022 оны 03 дугаар сарын 04-ий өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн .... дугаар ангийн ... дугаар заставын хариуцсан хилийн ... дугаар тэмдэгтийн орчмоор Монгол улсаас Оросын холбооны улс руу Монгол улсад орох гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ. Тэрээр 2022 оны 1 дүгээр сарын эхээр цөөн хүнтэй Сэлэнгийн Хотхооны рашаан гэдэг газарт очиж нэг сар эргэлдсэн ч олигтой самар олдоогүй байна. Ингээд Эрээн уул руу явганаар тав хоног явж хүрэхэд дөрвөн машинтай 50-иад хүн самар түүж байжээ. Самартай газрыг мэдэж аваад буцаж Бугант орон хүнс хэрэглэл, унаа машинаа бэлдээд 30 гаруй хүн хоёр “зил-130” машинтай хөдөлжээ. Ингээд Эрээн ууланд очсон ч өмнөх самарчид юу ч үгүй цөлмөөд дуусгасан тул цаашаа явсаар самартай газар олсон байна. Тэнд ажиллаж байхдаа Баттөгс байшин олж хараад очтол орос хүмүүс байжээ. Тэд “...дайн эхэлж хилийн хамгаалалт чангарсан, та хэд хил зөрчсөн байна, даруй буц” гэжээ. Отог дээрээ очоод бусаддаа хил зөрчсөн гэдгээ хэлэсэнгүй. Дээр нь маргааш нь эмэгтэйчүүдийн баяр таарсан тул тэндээ амарч тэмдэглэжээ. Баярын маргааш буцахаар отогоо буулгаж байгаад Оросын хилчидэд баригдсан аж. Тэд Оросын нутагт дөрвөн км гүн нэвтэрч орсон байжээ.