
Ийм нэгэн явдал хоёр жилийн өмнө гарсаныг шүүхээр саяхан хянан шийдвэрлэсэн байна. Гал түймэр унтраах, аврах 63-р ангийн гал сөнөөгч нь 2020 оны 4-р сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун жанжин ... дугаар гудамжны ... тоот хашаанд шатаж буй байшингийн галыг унтраах үүргээ гүйцэтгэж байх явцдаа хохирогч Б.Б-гийн цээжин тус газарт даралттай усаар шүршиж болгоомжгүйгээр амь насыг хохироосон гэх хэрэгт яллагдагчаар татагдсан. Ам хохирогчийн ахын мэдүүлснээр цагдаа эхлээд дүүг нь угаартаж амиа алдсан гэжээ. Гэсэн 2-3 гэрч гал сөнөөгч гал руу шүршиж байсан байсан усан буугаар хохирогч руу шүршсэн хэмээн мэдүүлснээр хүний амь хохироосон хэрэг үүсжээ. Мөн ах нь хэргийн ул мөрийг арилгах гэж оролдсон, бичлэг устгасан гэж мэдүүлжээ. Гал сөнөөгчдийн мэдүүлснээр “...хохирогч эрэгтэй нь өөрийгөө гал сөнөөгч байсан гээд хажуугаас ажилд зааварчилга өгөөд орилоод байсан”, “...чи хурдан гал руу орооч, би гал сөнөөгч байсан, чи орохгүй бол би орно гэсэн ...” гэжээ. Хамаатнуудых нь мэдүүлснээр хохирогч нь 1990 оноос хойш 10 гаруй жил онцгой байдлын гал унтраах ангид гал сөнөөгч, ээлжийн даргаар ажиллаж байсан туршлагатай агаад дуудлагаар ирсэн гал сөнөөгч нарт туслах зорилгоор тэдний ажилд оролцож, шланкийг нь зөөж өгөөд холбох, байшингийн гал гарч буй хэсгүүдэд яаж гал унтраахыг зааж өгөх мөн шуурхай ажиллахыг шаардсан гэнэ. Нийт найман гал сөнөөгч ирсэнээс намхан нуруутай гал сөнөөгч залуу гал гарч буй байшин руу даралттай усан буугаар ус шүршиж байснаа гэнэт хошууг эргүүлэн монгол гэрийн хаяанд зогсож байсан хохирогч руу даралтат усаар шүршсэн гэжээ. Шүршүүлсэн хохирогч хажуу тийшээ хоёр алхаад хэсэгхэн хугацааны дараа гэнэт ухаан алдаж унаад нас барсан аж. Гал сөнөөгчид бүгд дуулга тусгай хэрэгсэл өмссөн байсан тул яг хэн шүршсэнийг нь олох гэж гэрчүүдээр таниулах ажиллагаа хийгдсэн. Онцгой байдлын албаныхан өөрсдийн гаргасан шинжилгээний дүгнэлтэнд гал сөнөөгчдөө тактикийн алдаа гаргаагүй гэж дүгнэсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлт ч хохирогчийн зүрхний хууч өвчтэй байсан гэж гарсан. Гэсэн ч шүүх талийгаач цээжин тус газартаа гал унтраах зориулалттай 0.3-0.5 атмосфер даралттай ус шүршүүлсэн нь зүрх судасны цочмог дутагдалд ороход шууд нөлөөлсөн гэж үзээд шүршсэн гал сөнөөгчид хоёр жил зорчих эрхийг хязгаарлах ял оноогоод Өршөөлийн хуульд хамруулжээ. Мөн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангиас 5.4 сая төгрөг гаргуулж хохирогчийн ар гэрт олгохоор шийдвэрлэсэн байна.