Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хурал тавдугаар сарын 3-нд боллоо. Хуралдааны эхэнд яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ газар, хэлтсүүдийн өнгөрсөн шуурхай хуралдаанаас өгсөн үүргийн биелэлтийн гүйцэтгэлийг багцлан танилцууллаа. Дараа нь газар, хэлтсүүд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх шаардлагатай зүйлсийг сайдад танилцуулав.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар шуурхай хурлын төгсгөлд дараах үүргийг өглөө.
Улаанбаатар-Дархан чиглэлийн түр замыг сайжруулах, санхүүжилтийн асуудлыг судлахыг Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, АЗБХЗГ-ын дарга Б.Оюундэлгэрт,
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аялал жуулчлалын холбоо, гадаад, дотоодын нислэгийн хувийн хэвшлийн компаниудтай хамтарсан уулзалтыг энэ 7 хоногт хийх үүргийг Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК-д, Замын-Үүд төмөр замын боомтын шилжүүлэн ачих хэсэгт ачаа саатаж буй шалтгааныг тодруулж, яаралтай шийдэх, Тяньжин боомтоос ирэх чингэлэг манай талд бөөгнөрөл үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлэх талаар Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудтай нягт, зохион байгуулалттай хамтран ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон УБТЗ ХНН-д
Тавдугаар сарын 15-нд авто замын засварын ажлыг эхлүүлэх, зам, засварын чиглэлээр Япон улсаас ирэх мэргэжилтнийг ирэхэд бэлтгэл хангах, төлбөр авах цэгийн цахимжуулалтыг сайжруулах талаар зарим арга хэмжээг авч, Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай холбогдох үүргийг Замын ашиглалт, засварын хэлтэс болон Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т, Хөшгийн хөндий дэх Чингис хаан нисэх онгоцны буудлын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг сайжруулах, нислэг олонтой үед бүх төлбөр хураах гейтүүдийг нэгэн зэрэг ажиллуулах чиглэлийг Замын ашиглалт, засварын хэлтэс болон Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т, Зам дагуу мод тарих боломжит газрыг судалж, төлөвлөгөө гаргахыг Төрийн захиргаа, удирдлагын газарт, Монгол Улсын Засгийн газрын Олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллах үеэр яамны болон харъяа газруудын удирдлагуудыг оролцуулах, Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэл, тушаал, албан даалгаврын биелэлтэд онцгойлон анхаарах үүргийг яамны бүх газарт өглөө.