alim.mn | 2025.05.16
Гэр хорооллынхон 1 литр усанд 2 төгрөг төлж байхад архи, өлөнгийн үйлдвэр, 5 одтой тансаг зочид буудлууд 2 төгрөг 7-10 мөнгө төлж байна
Өнгөрөгч 2021 оны 1 сарын 1-нээс усны үйлчилгээний төлбөр нэмэгдсэн билээ. Одоо нийслэлийн гэр хороололд амьдарч буй иргэн нэг литр усанд 2 төгрөг, орон сууцанд амьдарч байгаа иргэн 1,07 төгрөг төлж байна. Гэтэл "Спирт, архи, пиво, ундаа, усны үйлдвэр, машин угаалгын газар"-ууд литр ус тутамд 2,75 төгрөг, "Ноос ноолуур, арьс шир, өлөн гэдэс боловсруулах үйлдвэр"-үүд нэг литр тутамд 2,10 төгрөг төлнө гэнэ. Усыг хамгийн ихээр хэрэглэж, хамгийн их бохирдуулж буй машин угаалгын газар гэр хорооллын иргэнээс 75-хан мөнгөөр илүү төлбөр төлж байна. Хамгийн их ус бохирдуулдаг өлөнгийн үйлдвэр 10-хан мөнгөөр илүү төлбөр төлнө гэсэн үг. Энэ шударга явдал уу? Ард иргэд авсан цалингаараа усны үнэ төлдөг, тиймээс их хэмнэдэг, дээрээс нь ус бохирдуулах нь хамаагүй бага. Гэтэл хамгийн их ашиг олдог, хамгийн их ус бохирдуулдаг өлөнгийн үйлдвэрүүд яагаад ус ашигласны төлбөрт яагаад ийм бага үнэ төлнө вэ? Ингэхээр нийслэл Улаанбаатарт ус ийм их бохирдолтой байх нь, ус хомсдох нь байх нь аргагүй. 
           Гэр хороололд амьдарч байгаа нэг иргэн хоногт 10-хан литр ус хэрэглэдэг.  Гэтэл машин угаалгын газар, өлөнгийн үйлдвэр хоногт хэдэн арван тонн ус хэрэглэж байгаа. Нэг машиныг 500 литр усаар угаадаг гэж үзвэл усных үнэ нь ердөө 1100 төгрөг л болох нь байна. Гэтэл одоо нэг машиныг хэдэн төгрөгөөр угааж байгаа билээ. Усыг ихээр ашиглаж буй газарт их төлбөр тавих, усыг ихээр бохирдуулж буй газруудыг усны үнийн бодлогоор шахах бодлого, зарчим хаана байна вэ?
Хамгийн хачирхалтай нь улсын төсөвт байгууллагууд машин угаалгын газраас, өлөн, арьс ширний үйлдвэрээс илүү усны төлбөр төлбөр төлөх юм байна. Төрийн өмчит, төсвийн байгууллага хамгийн өндөр төлбөрийг буюу литр усанд 3,11 төгрөг төлөх аж. Улсын төсвийн мөнгө уйлдаггүй гэж энэ байх? Харин бусад бүх байгууллага гэр хорооллын иргэдтэй бараг адил буюу 2,07 төгрөгийг литр тутамд төлөх нь. Долоон буудалд амьдарч буй ганц бие хөгшин нэг литр усаа 2 төгрөгөөр авч байхад, 5 одтой зочид буудал 2,07 төгрөгөөр литр усаа авах юм байна. Тэдний амьдралын чанар, ус хэрэглэж зарцуулах нь тэнгэр газар шиг зөрүүтэй ч  усны мөнгөний зөрүү ердөө долоон мөнгө. Энэ шударга явдал уу?!
 
        Энэ талаар "Усны" хэмээн алдаршсан З.Батбаяр "Гэр хорооллын иргэдийн усны төлбөрийг тэглээд, орон сууцныханд 2 төгрөг болгоод, төсвийн байгууллага 3 төгрөг, бусад ААН, байгууллагууд 5 төгрөг, Зочид буудлууд, хоолны газрууд 7 төгрөг, спирт, пиво ундаа, усны үйлдвэр 10 төгрөг, ноос ноолуур, арьс шир, өлөнгийн үйлдвэр 17 төгрөг, машин угаалгын газрууд 20 төгрөгийг литр тутамдаа төлөх ёстой мэт санагдах юм. Үнийг ийнхүү тогтоовол төлбөрөө багасгахын тулд усаа хэмнэж, дахин ашиглаж эхлэх ёстой. Дэлхий дахинд усны үйлчилгээний төлбөрийн зарчим ч ийм л байдаг. Оюутнуудад, хүүхдүүдэд шүдээ угаахдаа усаа хэмнээрэй гэж хэлж байсан би одоо энэ үнийн бодлогоос ичиж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн шүдээ угаахдаа хэмнэж буй устай ижилхэн төлбөрөөр нэг цэцэрлэгийн бүтэн жил хэрэглэх усыг ганцхан хоногт ашиглаж буй машин угаалгын газрууд, ноос ноолуур, арьс ширний үйлдвэр, өлөнгийн үйлдвэр, спирт, пиво ундаа, усны үйлдвэрүүд ЯАГААД гэр хорооллын иргэдтэй адилхан шахам үнийг литр усанд төлөх ёстой юм бэ?
Төсвийн байгууллага ЯАГААД дээрх байгууллагуудаас илүү өндөр үнэтэй ус хэрэглэх ёстой юм бэ?" гэж санал дэвшүүлжээ. "Улаанбаатар хот усны хомсдолд ороод байна, ус асар ихээр бохирдож байна гэж хүн болгон ярьж, санаа зовж байна. Гэтэл  ус бохирдуулагч нь, ус хомсдуулагч нь ийм бага үнэ төлдөг, усны үйлчилгээний үнэ тогтоогч нь ИРГЭДДЭЭ ус бохирдуулагч, хомсдуулагчдаас илүү үнээр ус зараад сууж байх ч гэж дээ..." гэж харамсаж байгаагаа илэрхийлж байна.
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ