
Монгол Улсын Засгийн газраас боловсруулж УИХ-аар хэлэлцүүлж буй ирэх 2022 оны төсвийг Үндэсний аудитын байгууллагаас хянаж үзээд зарим зөвлөмжүүдийг гаргажээ. Ингэхдээ төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зардлыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцолсон байна. Ялангуяа төсвийн үр ашиггүй зардлуудыг багасгах тухай Засгийн Газраас гаргасан тогтоолын төслийг хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллахыг зөвлөсөн байна.
Аудитын дүгнэлт 6.3: Төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн, нотолгоо-үр дүнд суурилан хийх ажлыг төлөвшүүлэх шаардлагатай байна.
Тухайлбал: Төсвийн Ерөнхийлөн захирагчдын 2022 онд хэрэгжүүлэх зарим хөтөлбөр, үр дүнгийн үзүүлэлтүүд нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдахгүй, салбарын үйл ажиллагааны үр дүнг бүрэн, бодитой илэрхийлэхгүй байна.
Аудитын дүгнэлт 6.6: Засгийн газраас дэвшүүлсэн төсвийн хэмнэлтийн бодлогод нийцүүлэн төрийн захиргааны байгууллагуудын автомашины хэрэглээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж байна.
Аудитаар төсвийн төсөлд тусгасан зардал хэмнэх зорилтын хүрээнд МУЗГ-ын 2015 оны 184 дүгээр тогтоолд заасан шаардлагад нийцээгүй суудлын автомашиныг шилжүүлэх, худалдан борлуулах замаар төсвийн зардлыг хэмнэх боломж байна гэж дүгнэсэн. Иймд тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах ТЕЗ-чид Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж автомашинд зарцуулдаг байсан засвар үйлчилгээ, жолоочийн орон тоо, цалин гэх мэт зардлыг хэмнэх, төр, хувийн хэвшлийн түншлэлээр автомашины хэрэглээг зөв, зохистой шийдвэрлэх боломжтой.
Аудитын дүгнэлт 6.10: Төсөвлөлтийн зарим шаардлага хангаагүй хөрөнгө оруулалтын 62 төсөл, арга хэмжээг хуулийн шаардлагад нийцүүлэн нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор дахин эрэмбэлж зохицуулалт хийх шаардлагатай гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан байна.