alim.mn | 2025.05.21
Ж.Батзандан дипломат албыг цөллөг гэв
УИХ-ын гишүүн асан, ШИНЭ намын дарга Ж.Батзанданг Австралид суух Элчин зөвлөхөөр томилсон юм. Дипломат албанд нэг цаг ч ажиллаж үзээгүй Ж.Батзандан Австралид Монголоо төлөөлөн суугаа. Үүнийгээ цөллөгт байна гэж үзэж, ингэж нэрлэжээ... Тэрээр Цөллөгийн газраас тэмдэглэл бичиж эхэлснээ хэлж, цахим хуудастаа оруулжээ. Цөллөг гэдэг ял. Ж.Батзандан энэ албаа ял гэж бодож яваа бололтой. Тийм бол дипломат алба гэж хүндэтгэн, мэргэжлийнхээ дагуу ёс төртэй гүйцэтгэх хүнд ажлаа өгөөч.
Ингээд түүний бичснийг хүргэе. Цөллөгийн газраас бичсэн тэмдэглэл-1
Өнөөдөр 2021 оны 9 сарын 17. Австралийн хавар дулаахан нарлаг бна. Канберра хотод, ногоон тивд ирээд яг 5 сар болжээ. Энэтхэг-Номхон далайн бүс, зүүн өмнөд азийн улс орнуудыг судлах нь миний гол үүрэг.
Яагаад гэвэл энэ бүс нутагт сонгодог либерал ардчиллын үлгэр жишээ, дэлхийн хүчирхэг арван эдийн засгийн нэг Австрали Улс, мөн хүн амынхаа тоогоор манайхтай ойролцоо, газар нутаг, ашигт малтмалын ямарч нөөцгүй хирнээ өндөр хөгжсөн Сингапур, Шинэ-Зеланд, олон зуун сая хүн амтай, олон намын тогтолцоотой, асар их баялаг нөөцтэй хирнээ хөгжиж өгдөггүй Индонез, Филиппин гэх мэт олон улс орнууд бий.
Английн аялагч James Cook 1768-1779 оны хооронд Австрали, Шинэ Зеландыг нээж анх удаа газрын зурагт тэмдэглэснээс хойш
Англичууд 150 гаруй жил 160 гаруй мянган хоригдол, ялтнуудыг энэ тив рүү зөөсөн. Иймээс ч Австрали тивийг саяхныг хүртэл цөллөгийн газар хэмээн нэрийддэг байв.
Одоогийн ерөнхий сайд Скотт Моррисоны өвөг эцэг нь ээрмэлийн утас хулгайлсан хэргээр, Тасманы амбан захирагчын өвөө дээрэм тонуулын ялтай Австрали тив рүү цөлөгдөж ирсэн хүмүүс. Гэсэн хэдий ч тэдний удам угсаа хоёрхон зууны дотор дэлхийн хүчирхэг арван орны нэгийг бүтээжээ.
2021 оны байдлаар Австралийн нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн ойролцоогоор 56 мянган ам долларт хүрч, Америкийн түвшинд очиж, Английг ардаа орхиж байна. Үндэсний нийт орлого нь 1,6 их наяд долларт хүрч Канадын түвшинд ойртов.
Тэд хоёр танхимтай сонгодог парламентын тогтолцоо бүхий хүчирхэг гүйцэтгэх засаглал, шударга шүүхийн тогтолцоог бий болгосон.
Тэд 1901 онд үндсэн хуулиа батлахдаа ардчилал, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, хүний эрх, өөрөө удирдах ёс, чөлөөт зах зээл гэх мэт зургаан үндсэн суурь зарчим дээрээ хатуу тогтсон юм.
Харин манай улс эдгээр суурь зарчмуудыг 1992 оны үндсэн хуулиндаа тусгасан боловч өнөөдрийг хүртэл сонгодог утгаар нь, үндсэн агуулга, философоор нь хэрэгжүүлж чадалгүй 30 жил боллоо.
Намууд нь солигддог ч үндэсний хөгжлийн стратеги, бодлогоо хэлбэрэлтгүй мөрдөж Либерал Ардчилалд эцсээ хүртэл үнэнч байхаа Австраличууд өнөөдөр ч тунхаглаж байна.
Өөрийгөө ардчилсан гэж нэрлэдэг биднээс тэд үндсээрээ ялгаатай аж.
Цөллөгийн нутгаа цэцэглэн хөгжүүлсэн Австралийн ард түмний хөгжлийн нууцаас миний бие дэлгэсээр байх болно.
Таны оюуны мэлмий баясах болтугай.
Цөллөгийн газраас бичсэн тэмдэглэл үргэлжилнэ...

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
3 жилийн өмнө
202.126.90.23
Та нар бол авилачид, албан тушаалын наймаачид, Авсралийг хөгжүүлсэн хүмүүстэй өөрсдийгөө зүйрлэшгүй.
Төстэй мэдээ