alim.mn | 2025.05.21
Чимэдийн Энхээ: Бат-Үүл ээ, больж үз

"Би Монгол хүн" шүлгийн Ч.Чимэд 18 насандаа бичсэн. Тэр зохиолчийн хүү Чимэдийн Энхээ ардчиллын анхдагчийн нэг. Харин сүүлд ардчиллын анхны алтан хараацайнуудтайгаа муудаж, тэр тусмаа Банзрагчийн Дэлгэрмаа, Эрдэнийн Бат-Үүл хоёрыг өрөөсөн нүдээрээ ч үзэж чаддаггүй. Үүл баатарт хаягласан хатуу үг нэг бус. Одоо улстөрч Э.Бат-Үүл Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр болсон. Харин өмгөөлөгч Чимэдийн Энхээ "Бат-Үүл минь, одоо больж үз. Одоо чи бид хэд үр ачаараа өөрийгөө тойруулан жаргаж, зураг зурдаггүй юм гэхэд ойр зуурын мужааны хэдэн сайхан багаж цуглуулаад, гэр орондоо мухар сандлын углуурга тааруулсан шиг, үгүйдээ л багахан давс, хужраар амталсан дурсамж сэлт бичсэн шиг, шинэ үеийнхний уран зохиолын дээжсийг цуглуулсан шиг, тааваараа суух шиг сайхан юм үгүй. Чи л оролцохгүй бол хамаг юм нурчих гээд, сүйрчих гээд байгаа юм шиг битгий их бачимд, битгий аахил, хүний, өөрийн олон амьтныг "Ардчиллыг устгах гэж байна, нийгмийг хамарсан шинэ цагийн дарангуйлал ирж явна, цаана чинь" гэж айлгаснаар нэр төрөө 90-ээд оны хэмжээнд хүртэл эргээд босгоно гэж байхгүй, намба заа, баатрынхаа тэмдгийг зүүчихээд намбайгаад бай, тэгвэл өмнөх нэр төрөөсөө үлдсэн жаахныг бүрмөсөн сэгсэрчхэлгүй шиг хадгалаад үлдэх боломжтой болно. Хийсэн, босгосон бүхнээ сайнтай, муутай нь хойч үедээ үлдээе, тэд бидний алдаа, оноог шүүн тунгаана биз, энэ үеийнхэн бидний залуу байсан үеэс илүү тэнэг, харалган байна гэж лав байхгүй. Юм болгон эхэлдэг, дуусдаг цаг хугацаатай, чи бид хэд 90-ээд онд нийгмийн дуудлагаар, яндганаж, хойшоо суугаад байлгүй хамгийн түрүүнд босч, тэргүүн эгнээнд нь явсан хүмүүс, үүнийг түүх нэгэнтээ тэмдэглээд үлдээчихсэн, хэн нэг хүн үүнийг баллаж, арилгахаасаа өнгөрсөн. Гэтэл бидний зүтгэл, бүр шулуухан хэлчихвэл шунал, ашиг сонирхол, албан тушаалын хэнээ маань нийгмийн хөгжилд нэмэр болох нь бүү хэл, гай учруулж мэдэхээр болсон бол үүнийг цаг тухайд нь харж, жагсаалаас өөрийн сайн дураар гарч чадах чадвар бол нийгмийн дуудлагаар босч тэмцэх чадвараас хавьгүй чухал юм шүү. Нийгмийн доторхи нэр хүнд гэдэг бол бас л нэг төрлийн капитал, үүнийгээ хайрлаж, хамгаалж, арвижуулж, үр хойчдоо өвлүүлэхийг бодсон нь дээр, байгаагийнх нь зоргоор, болох болохгүй юм бүхний эргэлтэнд оруулж, ашгаа нэмэгдүүлэх гэж оролдох нь эргээд нэр төрөө бүрмөсөн үрэн таран хийхэд ч хүргэж мэдэх эрсдэлтэй. Өөрийгөө хэн ч биш болгочихож мэдэх аюул байгааг харсаар байж улаан зүтгэх бол сайн зүйл биш. Залуу насны омголон зоригоор явахад болдог л байсан, гэхдээ нас нас өөр, одоо бидний насан дээр үүнийг л мартахгүй явах хэрэгтэй дээ. Болгоовол тэр биз ээ" гэсэн үг дайлаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ