alim.mn | 2025.05.18
       Шадар сайд С.Амарсайханы самарсан бүтээн байгуулалт

  Шадар сайд С.Амарсайхан УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Улаанбаатар хотын даргаар ажиллаж байсан. Хийсэн нэг “том бүтээн байгуулалт” гэвэл хотын төвд 3.2 тэрбумаар усан оргилуур барьсан байдал. Цистернээр ус зөөж, ТҮК-ийн хэдэн ажилчид хөлсөө урсган алчуур барин цэвэрлэж байхыг харвал яах аргагүй инженерийн шийдэл, ухаан боловсрол дутсан дутуу зүйл байгаа нь мэдэгддэг. Хажууханд нь байгаа “Централ тауэр”-ын урдах усан оргилуурыг хар. Хувийн хэвшлийн хийсэн усан оргилуур хэзээд ундраад, хүмүүс тойруулчихсан байдаг.

“Хос санаа” ХХК бүтэлгүй муутай босгосон “Хүлэг Боорчи андлалын өргөө”-ний хөшөөний мөнгөө буцаагаад улсад тушаачихлаа. Усан оргилуурын мөнгөө ч гэсэн буцааж авмаар байна.

Шадар сайдын Нийслэлд хийсэн бүтэлгүй бүтээн байгуулалт нэгээр тогтохгүй, замын хаалт боржин чулуу гэж байраа олоогүй өнхөрсөн хэдэн эд бий. Энэ ч дараагийн баримтын дэргэд жижигхэн. Гэхдээ эмч багшийн хэдэн жилийн цалинтай дүйх мөнгө.

 “Агаарын дүүжин тээвэр”-ийн төсөл. Анх 2020 оны нэгдүгээр сард  тухайн үеийн Хотын дарга С.Амарсайхан “2021 оны зургадугаар сард агаарын дүүжин тээврийн эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3, 4  дүгээр хороолол чиглэлд ашиглалтад орно” хэмээн төв талбайдаа зогсож байгаад сүржин хэлж байв. Тэр агаарын дүүжин тээврийн хэрэгслээ улаан туузаар чимэглэж байгаад хэвлэлийнхэнд үзүүлж, нээлтээ сүр жавхлантай хийснийг яана. С.Амарсайханы тэр үед 2021 оны 6 дугаар сард агаарын дүүжин тээврээр зорчино гэсэн. 6 дугаар сар өнгөрлөө, маргааш гэхэд 9 дүгээр сар гарлаа, хаана байна тэр Агаарын дүүжин тээвэр. “Буян”-гийн Жагаагийн хэлснээр Агаарын дүүжин тээвэр биш толгой дээгүүр хогийн гялгар уут л хийсэж байна.

 Уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй. Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон эхний чиглэл нь 4.9 км урт, 3 зогсоолтой шугам байх бол хоёр дахь чиглэл нь Долоон буудал-Дарь Эх-Сансарын тойргийг холбосон 5.4 км урттай, гурван зогсоолтой байхаар тусгагдсан юм.

Улмаар 2020 оны долдугаар сарын 31-ний өдөр "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулсан байдаг. Түүнээс хойш сар орчмын дараа төслийн гүйцэтгэгч компани болох “Пома” групп рүү 16.1 тэрбум төгрөг “Эжис рэйл” ХХК руу 6 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлсэн гэдэг. Шилэн дансанд ч байсан.

  Харин Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Агаарын дүүжин тээвэр нь хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хийгдсэн. Тиймээс нийслэлийн төсвөөс мөнгө гараагүй. Зээлийн хэлэлцээрийн дагуу Сангийн яам дээр бичилт нь хийгдсэн. Харин нийслэлд хамааралтай учраас нийслэлийн данс дээр бичигдсэн” гэж хэвлэлийнхний амыг хаасан.  Харин тэр мөнгө гарсан, эргэж орсон эсэх мэдэгдэхгүй эргэлзээтэй, ээдрээтэй асуулт үлдээсэн. Харин Агаарын дүүжин тээвэр байтугай, хотын дээр ганц том агаарын бөмбөлөг хийсээгүй гэдгийг нийслэлчүүд батална.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ