
Хотын дарга асан Э.Бат-Үүлийг эрх мэдлээ ашиглан Төрийн орон сууцны корпорацийн захирал асан А.Гантулгыг дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөнөөс 9 тэрбум төгрөгийг “Бэрэн” групп руу шилжүүлэх шийдвэр гаргуулсан, тус групп нь Бат-Үүлийн хүүгийн эзэмшдэг компанийг 5,5 тэрбумаар худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт аав, хүү хоёрыг яллагдагчаар татсан.
Э.Бат-Үүл баатрын хүү Б.Чулуудай нь Баянзүрх дүүрэгт “Түмэн амгалан” цогцолбор хороолол барих ёстой байсан ч мордохын хазгай болж, хамтрагч туркуудтэйгээ муудалцан маш их хэмжээний өрөнд орж ажил нь зогссон. Гэтэл удалгүй “Бэрэн” групп “Грандлайн”-ы төслийг үргэлжүүлэх яриа гарч улмаар компанийг төсөлтэй нь хамт худалдан авсан нь ил болсон. Тухайн үед Бат-Үүлийн хүү Чулуудайгийн компани нь Улаанбаатар банкинд 3,3 тэрбум, Турк Улсын “216 Япи Үрэти Худалдаа” компанид 1,2 тэрбум төгрөгийн өртэй байсан. Асар их өртэй компанийг худалдан авсны цаад шалтгаан нь зургаан холбогдогч, 12 үйлдэлтэй “ТОСК” -ийн экс захирал А.Гантулга нарын хэргээс ил болж байгаа гэнэ.
“ТОСК”-ийн экс захирал А.Гантулга нь “Бэрэн” компаний ерөнхий захирал Б.Мөнхтөртэй 2015 оны 3-р дугаар сард “Эрх шилжүүлэх, хамтран ажиллах” гэрээ, дараахан нь “Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын Хангай хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах”, “Бэрэн групп” -ын барьсан тус хотхоны 720 айлын орон сууцны барилгыг худалдан авч, үнийг үл маргах журмаар төлөхөөр тохиролцож гэрээ байгуулжээ.
Үүнээс хойш нэг сарын дараа буюу 5-р сарын 5-нд Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдсан “Гранд лайн” компанийг 10 гаруй тэрбум төгрөгөөр “Бэрэн”-д худалдах гэрээ байгуулагдаж, хувьцааг 100 хувь шилжүүлжээ. Компани худалдагдсанаас хойш 8 сарын 27-нд “ТОСК” нь “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын санхүүжилтээс таван тэрбумыг, 9-р сарын 11-нд дөрвөн тэрбумыг “Бэрэн групп”-д хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн байна. А.Гантулга нарын хэргийн мөрдөн байцаалтын явцад “Бэрэн групп”-ын холбогдох ажилтнууд нь “ТОСК”-аас шилжүүлсэн есөн тэрбум төгрөгөөс “Гранд лайн” компанийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсан тухай мэдүүлсэн гэнэ. 2016 он гараад А.Гантулга тушаал гаргаж “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллоос 32 айлын 1,480,3 метр квадрат талбайтай 1,9 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууцыг Нийслэлийн орон сууцны фондод үнэ төлбөргүй шилжүүлж, үйл ажиллагааны зардлаар бүртгэжээ. Харин 6-р сарын 24-нд буюу сонгуулийн бужигнааны үеэр хотын дарга Э.Бат-Үүлийн А/533 дугаартай захирамжаар "Буянт-Ухаа 2" хорооллын байрнаас үнэ төлбөргүй орон сууц олгох иргэдийн нэрсийн жагсаалтыг баталжээ. Энэ жагсаалтанд “ТОСК” -ийн захирал А.Гантулга нь иргэн Ч.Түмэннастын иргэний үнэмлэхийг ашиглан орж тус хорооллын 1006-р байрны 1... тоотод байрлах 68.59 м.кв талбайтай, 92.5 сая төгрөгийн үнэлгээ бүхий гурван өрөө орон сууцны гэрчилгээг 2016 оны 8 - р сарын 22-ны өдөр өөртөө гаргуулан авсан баримт илэрчээ.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Э.Чулуудай, Б.Мөнхтөр нар нь “Грандлайн” компанийг зарах гэрээ байгуулсан, А.Гантулга нь “Бэрэн”-тэй гэрээ байгуулж есөн тэрбум төгрөг шилжүүлсэн болон “ТОСК” -ийн захирал, дарга нар иргэдэд үнэгүй олгох орон сууцнаас эрх мэдлээ ашиглан авсан зэрэг нь хоорондоо хамааралтай байх магадлалтай. Шударга имижтэй экс мээрийн хүү компаний өрөө төрийн мөнгөөр даруулсан гэх ч хардлага төрж байна. Мөн "Бэрэн"-гийн захирал нь 2014 оны 1-р сарын 14-ний өдөр А.Гантулгын охин Г.Н-гийн дансанд 12 мянган доллар шилжүүлсэн гэх баримт ч холбогдож байгаа аж. Одоо хотын экс удирдлага нь “Буянт-Ухаа 1”, “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллоос нийт 31 орон сууцыг эрх мэдлээ хэтрүүлэн нэр бүхий албан тушаалтнуудад үнэ төлбөргүй олгосон гэх хэрэгт "унажээ".