
МАН, МАХН-ын удирдлагууд Монгол Ардын Намын 100 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан Жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Цэцэг өргөх ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, МАХН-ын дарга Б.Энхбаяр, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нарын хүмүүс оролцсон байна.
100 жилийн түүхийг туулан өнөөдөрт ирэхдээ МАН ба МАХН /Монгол ардын хувьсгалт нам/ болон хоёр салж, У.Хүрэлсүх болон Н.Энхбаяр гэсэн удирдлагатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
МАХН-ын тухайд товч мэдээллийг хүргэхэд, тус нам 2010 онд байгуулагдсан, Улсын дээд шүүх 2011 онд бүртгэсэн. Тодруулбал, МАН 2010 онд Монгол Ардын Хувьсгалт Нам хэмээх нэрээ өөрчлөхөд, түүнийг нь эсэргүүцсэн хүмүүсийг нэгтгэж, Монгол Улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаяр МАХН-ыг байгуулан, өнөөдрийг хүртэл удирдаж байгаа юм.
МАХН-ын УИХ-ын сонгуульд оролцсон байдлыг дурдвал,
- 2012 оны УИХ-ын сонгуулиар 5 суудал, (З.Баянсэлэнгэ, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар)
- 2016 оны УИХ-ын сонгуулиар 1 суудал, (О.Баасанхүү)
- 2020 оны УИХ-ын сонгуулиар 1 суудал (С.Ганбаатар)
Өнөөдөр МАН-ын удирдлагууд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөхдөө "мартаж орхиод байсан" Н.Энхбаярыгаа "дундаа хийж" яваа нь зүгээр ч нэг тохиолдол биш. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд "хүчээ нэгтгэж" оролцохоо олон нийтэд болон сөрөг хүчинд ойлгуулж байгаа эхний хувилбар байж мэднэ. Баттай эх сурвалж ч "МАН МАХН нэгдэж байгаа" гэдэг мэдээллийг өгч байна.
Харин тэдний нэгдлийн тохироо юу байсан нь одоогоор тодорхой бус байгаа ч зарим эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр Н.Энхбаяр, эсвэл түүний хүү Э.Батшугар нь Засгийн газарт багтахаар саналаа хэлсэн гэх мэдээлэл байна.




