
МАН 2020 оны сонгуульд 65 суудалтай үнэмлэхүй олонхи болсон ч БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад итгэл үзүүлэлгүй, сайдын суудлаас нь салгаж, Д.Сарангэрэл гишүүнийг сайдаар томилсон. Хөрөнгө мөнгөний асуудалд нэр холбогдомтгой сайдын суудлаас буухынхаа өмнө санд мэнд нэгэн тендер шалгаруулжээ. Энэ нь нэг тэрбум 445 сая 432 мянга 40 төгрөгийн өртөгтэй “Гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх ажил”. Энэ тендерийг 5 дугаар сарын сүүлчээр зарлаж, ажил гүйцэтгэх гэрээг 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө буюу 6 дугаар сарын 25-нд эхэлснээс үзэхэд санд мэнд яаран хийсэн гэж хардахаас аргагүй. Энэ тендерт “Дархан нэгдэл” ХХК шалгарч 1000 жорлонг нэг тэрбум 400 сая гаруй төгрөгөөр барихаар болжээ. Одоо тэгээд юм орвонгоороо эргэдэг хойно, гэр, амбаараас үнэтэй жорлон барихыг үздэг цаг иржээ. Энэхүү жорлонг Баянзүрх дүүргийн 2,5,9,10,17 дугаар хороонд байрлуулсан байна. Энэ нь нүхэн жорлонг сайжруулах тендерийн ажлын нэг багц нь. Нөгөө нь Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт хийгдэж аж. Нийт 2000 нүхэн жорлонг сайжруулах төсөлд нийт 2020 оны улсын төсвөөс 2 тэрбум 900 сая төгрөг зориулан зарцуулахаар шийдсэн нь гайхамшигтай гэх үү, аймшигтай гэх үү. Ч.ТУЛГА