alim.mn | 2026.01.12
“GS25”-ын экс нягтлан бодогчийн 8.2 ТЭРБУМ төгрөг завшсан хэрэгт ХААН, ХХБ-ыг буруутай гэжээ

GS25 ая тухтай дэлгүүрийн мастер франчайз үйлчилгээний эзэмшигч нь Шунхлай” групп, БНСУ-ын “GS Retail” Группийн хамтран байгуулсан “Дижитал Концепт” компани юм. Тэгвэл энэ компанийн нягтлан бодогч эмэгтэй Б.Хулан нь 2023-2024 оны хооронд компанийн ХХБ, ХААН банкны данснаас нийт дансаар болон бэлнээр нийт 8,2 тэрбум төгрөгийг өөрийн ХХБ-ны дансаар мөн бэлнээр авч завшаад баригджээ. Дээр нь таван сая төгрөгийн чекийг 50 сая болгож засварлаад ХААН банкнаас бэлэн мөнгө гаргуулан авчээ. Экс нягтлан завшсан мөнгөнөөсөө 100 саяар “Lexus GS450h” маркийн машин худалдан авч, аав ээжийнхээ малчны болон цалингийн зээлийг төлөхөөр 50 сая төгрөг шилжүүлсэн байна. Дүүдээ 10 сая төгрөг өгчээ. Найз залуу Бат-Оргилдоо есөн сая гэх мэтээр зарцуулсан байна. Харин ихэнхи мөнгөө гадаад брокер луу шилжүүлж форексийн арилжаанд ороод алджээ.

... Би нийт 8.2 тэрбум төгрөгийг авсан. Тухайн мөнгийг “Рерpеstоne” гэх нэртэй гадаад брокер луу шилжүүлж арилжаа хийсэн. Арилжаа хийгээд  3.9 тэрбумыг олоод компанийн дансанд буцааж хийсэн. Харин төлөгдөөгүй байгаа 4.3 тэрбумыг арилжаа хийгээд алдсан ...

Өдгөө төлөгдөөгүй байгаа мөнгийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс зургаан жилийн хорих ял авсан экс нягтлан бодогч төлж барагдуулах ямар ч боломжгүй болсон. Хохирлоо авч чадахгүйд хүрсэн “Дижитал Концепт” нь ХААН болон ХХБ-ыг иргэний хариуцагчаар татуулахаар шүүхэд шат дараалан гомдол гаргасаар ирсэн. Хоёр банк нь “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-иар хувь хүний дансанд төгрөгөөр болон доллароор их хэмжээгээр олон удаагийн давтамжтай гүйлгээ хийгдэж байгааг хянах шалгах цаашлаад Монголбанкинд мэдээлэх үүргээ биелээгүй гэнэ. Экс нягтлангийн дансаар үнэхээр маш өндөр дүнтэй мөнгө орж гарч байжээ. 2023 оны 8-р сард ХХБ-ны долларын дансанд нь гадаадаас 99 удаагийн гүйлгээр нь нэг сая доллар шилжин орж иржээ. Экс нягтлан тэр мөнгийг төгрөг болгоод ХААН-ы данс руу шилжүүлээд дараа нь 76 удаагийн гүйлгээр ХХб-ны төгрөгийн данс руугаа хийжээ. Ердөө маргааш нь ХХБ-ны долларын дансанд нь дахин 460,6 мянган доллар шилжин орж ирэхэд нь тэр өдөртөө 34 мянгыг нь бэлнээр гаргуулан авчээ. ХААН банк нь энгийн нүдээр харахад ч илэрхий засвартай, сэжиг бүхий 50 сая төгрөгийн чекээр бэлэн мөнгө гаргасан. Хуурамч чекээр мөнгө өгсөн теллерүүд нь мэдсээр байж өгсөн гэнэ. Хоёр банк мэдээж буруугүй гэж зүтгэсэн. ХХБ нь 20 саяас дээш гүйлгээнүүдийг мэдүүлж байсан гэдэг ч Монголбанкны Хяналт шалгалтын газрын мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн ирүүлсэн албан бичигт “ХХБ  нь ““Дижитал Концепт”” ХХК болон иргэн Б.Хулан нарын гүйлгээнүүдэд тусгайлан хяналт тавих, 20.000.000 төгрөгөөс дээш буюу эрсдэлтэй гүйлгээгээ Монголбанкны санхүүгийн албанд мэдээлж байсан баримтаа ирүүлээгүй” гэжээ. Гэсэн ч шүүх банк сэжигтэй гүйлгээг мэдээлээгүй нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлөөгүй гэж хүлээж аваагүй байна. Гэхдээ компани ч өөрөө буруутай, санхүүгийн дотоод хяналт нь суларсан байжээ. Мөн нягтландаа ХХБ, ХААН банкинд 200 сая төгрөгийн эрхтэй гүйлгээ хийх гурван жилийн итгэмжлэл хийж өгчээ. Экс нягтлан 2023 оны хавраас мөнгө завшин форекс арилжаанд орж намар нь 3,9 тэрбум олсон. Уг мөнгөө компанийн дансанд буцаан хийгээд оны эцсийн тайлан баланс гарахад өр авлага тэнцсэн, ХХБ-наас нэг тэрбумын авлагатай гэх хуурамч бичилт хийн үүнд нь ахлах нягтлан, санхүү эрхэлсэн захирал нь бүгд хууртжээ. Энэ хэрэгт прокурор ч гэсэн ХХБ, ХААН банкыг хариуцагчаар татахаас татгалзаж байгаа тул “Дижитал Концепт” хохирлоо барагдуулах нь тун ч эргэлзээтэй болжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ