Энэ хэрэг өнгөрсөн оны 4-р сарын 23-нд гарчээ. Тухайн үед оройн 11 цагийн үед авто эргүүлд гарч байсан Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн эргүүлийн офицер ахлах дэслэгч Э.Эрхэмбаяр, цагдаа жолооч ахлагч А.Хаш-Эрдэнэ нарыг үүрэг гүйцэтгэж байхад ээлжгүй байсан дэслэгч Н.Мөнхсайхан хувийн машинтайгаа очиж уулзжээ. Тэрээр эргүүлийн машинд мартсан хантаазаа авах гэж очсон нь “гай” дагуулсан байна. Энэ үед нэгэн эмэгтэй ирж “Гэмтлийн эмнэлгийн урд байрлах CU57 манай хүүхдэд согтууруулах ундаа зарсан, хүүхэд уугаад зодооны хэрэгт холбогдчихлоо” гээд төлбөрийн баримтыг нь үзүүлэхэд тэд хамт явжээ. Тэнд очоод үүрэг гүйцэтгэж байсан хоёр нь дотогшоо орж камер шалгахад насанд хүрээгүй нь илт мэдэгдэхүйц худалдан авагч хоёр шар айраг худалдан авсан, худалдагч бичиг баримтыг нь шалгалгүй өгсөн нь бичигджээ. Төлбөрийг CU-гийн апликейшинээр хийсэн тул дор нь регистр дугаараар нь 20 настай болохыг нь тогтоосон. Ингээд хэрэг дэгджээ. Хуулиараа 21 насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаа зарсан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хурааж таван сая төгрөгөөр торгодог. CU-гийн худалдагч сандарч менежерээ дуудаж тэр нь захирал руугаа залгажээ. Энэ үед захирал эмэгтэй нь нөхрийн хамт Тэрэлжид клипний зураг авалттай байсан ч яаран иржээ. Захирлын нөхөр болох А.Мөнхбаяр нь цагдаа нартай шууд “тулж” харьцсан байна. Харин түүнтэй цагдаа жолооч А.Хаш-Эрдэнэ “халзагнасан”.
Ярилцсаны эцэст бэлнээр 2,5 сая төгрөгөөр тохирсон байна.
Мөнгийг эргүүлийн машины арын суудалд ахлагч А.Хаш-Эрдэнэд өгчээ. Мөнгөнөөс ахлагч өөрөө 840 мянгыг аваад хоёр офицердоо тус бүрд нь 830 мянгыг өгчээ.
Уг нь хуулиараа зөрчлийн тэмдэглэл, акт үйлдээд хэргийг дүүргийн жижүүрийн ахлах мөрдөгчид мэдэгдэх ёстой ч тэгээгүй байна. Дээр нь онцгойн ах “амлалт” маягийн юм өгсөн байжээ.
Гэсэн ч асуудал үүсжээ. Ердөө хэдхэн хоногийн дараа онцгойн ах болсон явдлын талаар Баянголын цагдаад мэгдэгджээ. Цагдаа нар авсан мөнгөө буцааж өгсөн байна. Шүүх энэ хэргийг саяхан хэлэлцсэн. Шүүгдэгчид бүгд гэм буруугаа хүлээсэн агаад А.Хаш-Эрдэнийн нийтийн албанд ажиллах эрхийг 2,6 жилээр хасаж 1,2 жилийн хорих, Э.Эрхэмбаярт мөн ижил ял өгчээ. Хантаазаа авах гэж очоод хахуулийн хэрэгт унасан Н.Мөнхсайханд нийтийн албанд ажиллах эрхийг эрхийг 2,3 жилээр хасах, 1,1 жилийн хорих ял, харин асуудал “үүсгэхгүй” гэсэн А.Мөнхбаярт нийтийн албанд ажиллах эрхийг 2,6 жилээр хасаж арван сар хорих ял оноожээ. Мөн “CU57” салбарыг насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа зарсан хэргээр нь таван саяар торгосон байна.
