alim.mn | 2026.01.10
Улсад 400 кг алт тушаасан "гавьяа"-тай ч 800 саяар хөрөнгө нь НЭМЭГДСЭН гэх О.Баттөмөрийн гэр бүл 245 мянган доллартай байсан гэжээ

Нэр нь хүтэл “хорхой” гозолзуулам “Шижир Алт” компанийн захирлаар ажиллаж, топ модельтой нэр холбогдож явсан  О.Баттөмөрийг УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү, Э.Анарын найз гэдгээр нь улс төрийн хүрээнд ярьдаг О.Баттөмөр нь 2017 онд уг компанийн захирлаар томилогдож хоёр жил орчим ажилласан. Энэ нь “Монголросцветмет”-ийн Төв аймгийн Заамарт байдаг алтны уурхай юм. Экс захирал ажлаа өгөхөөсөө хоёрхон сарын өмнө буюу 2019 оны 3-р сард 200мкв талбай орон сууц, хоёр авто зогсоолыг 748,7 сая төгрөгөөр худалдаж авсанаа өөрийн ээжийн нэр дээр шилжүүлж, хөрөнгө орлого нь 800 сая төгрөгөөр нэмэгдсэнийг хууль ёсных болохыг тайлбарлаж чадаагүй гэж яллагдсан. Тэрээр 36 хоног цагдан хоригдож прокуророос дээрхи үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж Төрийн өмчийн бодлого зохиуцуулалтын газар болон “Шижир алт” компанид очих, Л.Б, Э.З нартай уулзахыг хориглож хилийн хориг тавьсан. Анхан шатны шүүх энэ хэргийг өнгөрсөн оны хавар хэлэлцэж экс захирлын аав нь 1992 онд обьект хувьчилж авсан, түүнийг 2006 онд бусдад 240 мянган доллароор зарсан, мөнгөө бэлнээр хадгалж байсан нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон гээд О.Баттөмөрийг цагаатгаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл эцгийнхээ хөрөнгөөр үнэтэй байр, зогсоол худалдан авсан болж таарчээ. Экс захирлын аав нь их хэмжээний доллароос гадна хятад иргэнд 300 мянган юаниар нэг хөрөнгөө заржээ. Ер нь оёдлын цех, авто засвар, хувьчилж авсан 15 зуслангийн газар, түрээслүүлдэг ковш гээд маш чинээлэг нэгэн байсан гэнэ. Экс захирал үндэслэлгүй хөрөнгөжсөнөө гэх хэргээ хүлээгээгүй агаад харин ч 2019-2025 онд ихэд хэлмэгдсэн гэжээ. “Шижир алт” компанийн захирлын ажлыг нь авахын тулд Төв аймгийн цагдаагаар алт дутаасан хэмээн удаан хугацаагаар шалгуулсан, хууурамч нэр бүхий хүмүүсээс гомдол гаргаж АТГ-ын үүдийг сахиулсан л гэнэ. Гэтэл тэрээр компанийг сайн удирдаж 400 кг алт улсад тушаасан чадварлаг захирал байжээ. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол гарахад түүний шүүхэд итгэх итгэл сэргэжээ.

... Миний хувьд Монгол Улсын шүүхэд баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Цагаатгах тогтоол гарсанд миний шүүхэд итгэх итгэл нэмэгдсэн ... 

Гэсэн ч давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлт заасан нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заахгүйгээр шүүгдэгчийг цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна хэмээн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож О.Баттөмөрийг баярлуулан “гомдоожээ”. Энэ хэргийн талаар эргэн мэдээлнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ