alim.mn | 2026.01.10
Баянзүрхийн татварын хяналтын тасгийн дарга асан Б.Батсүх түүний “зуучлагч” Н.Хүрэлбаатар нарын 70 сая төгрөгийн хахуулийн гэх ХЭРГЭЭС ...

2020 оны 4-р сард Баянзүрх дүүргийн Татварын хяналтын тасгийн даргаар ажиллаж байсан Б.Батсүхийг АТГ-аас хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчилсан, гэрээс нь 60 гаруй сая төгрөг, 10 мянган доллар гарсан гэж шуугисан. Түүнээс хойш зургаан жилийн турш тасгийн экс, түүний “зуучлагч” гэх Н.Хүрэлбаатар нарын 70 гаруй сая төгрөгийн хахуулийн хэрэг шалгагдсаар сунжирсаар байна. Экс даргын хэрэгт “зуучлагч”-аас гадна Баянзүрх дүүргийн татварын байцаагч Ч.Сугар, байцаагч Н.Энхтуяа, байцаагч Б.Буянцэцэг, ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын байцаагч Н.Жаргалцэцэг, тухайн үед Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны Сонгон шалгаруулалтын газрын цахим систем хариуцсан референт М.Алтанбагана, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын Систем төлөвлөлтийн албанд мэргэжилтэн Х.Тайван нарын хэрэг нэмэгджээ. Хувийн хэвшлийнхнээс “Сохомон” компанийн нягтлан С.Жавхлан, “Шилдэг шилтгээн” компанийн нягтлан Н.Одгэрэл, “Бестшүес’’ компанийн захирал Б.Түвдэнням эхнэрийн хамт орсон. Нийт 6000 гаруй хуудастай 24 хавтастай нүсэр хэрэг болжээ.  Тасгийн экс дарга нь “зуучлагч”-аараа дамжуулан 2020 онд “Сохомон” компаниас таван сая, “Шилдэг шилтгээн”-ээс 15 сая,  “Бэстшүес” компанийн захирал Б.Түвдэннямаас эхлээд дансаар 20,6 сая, дараа нь эхнэр Уянгаараа дамжуулан бэлнээр таван сая, эцэст нь дүүгийнхээ найзын дансаар таван сая нийт 70,6 сая төгрөгийн хахууль авсан гэж яллагдсан. Мөн өөрийн байцаагч Б.Буянцэцэгийг төрийн албаны ерөнхий шалгалтанд тэнцүүлэх зорилгоор хахуулийн хоёр сая төгрөгийг авч улмаар Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны Сонгон шалгаруулалтын газрын цахим систем хариуцсан референт М.Алтанбаганад өгсөн гэж тогтоогджээ. Энэ хэрэгт “зуучлагч” гэгдсэн Н.Хүрэлбаатар тун сонирхолтой нэгэн аж. Түүнийг санхүүгийн баримт цэгцэлдэг, тайлан баланс гаргах, татварын зөвлөгөө өгдөг хүн гэжээ. Зарим шүүгдэгчид нийслэлийн татварт ажилладаг гэж мэдүүлсэн. Тасгийн дарга “зуучлагч” нарын хэргээс “Бэстшүес” компанитай холбоотой хэрэг нь онцгой. Хамгийн том мөнгө энд яригдсан. Хэрэгт авагдсан материалаар энэ компанид 360 сая төгрөгийн төлбөр ногдуулахаар байхад ердөө 5,3 сая төгрөгийн шийтгэлийн хуудас л бичигдсэн гэнэ. 2020 оны 2-р сарын 4-нд “Бэстшүес” компанийн захирал Б.Түвдэннямын эхнэр Ундраагийн дансаас “зуучлагч”-ийн данс 20,6 сая төгрөг орсон гэж тогтоогджээ. Мөнгө орсоны дараа “зуучлагч” нь тасгийн дарга руу ярьж “нөгөөдөхийг чинь өгье” гэжээ.

... Энэ 35 сая төгрөгийг данснаасаа бэлнээр гаргаад өгөх гэтэл Батсүх төгрөгөөр хэрэггүй, доллараар аваад ирээрэй гэхээр нь Найман шарга орж доллароор солиулаад Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн гадна очиж машиндаа уулзаад бэлнээр нь өгсөн ...

Харин өдгөө МАН-ын дэргэдэх Стратегийн академийн дэд захирлаар ажиллаж байгаа экс тасгийн дарга хахууль авсанаа эрс үгүйсгэсээр иржээ. Бүх зүйл түүний ажлыг авах гэсэн дарамт шахалтаас эхэлсэн гэнэ. ТЕГ-аас найман сарын турш зургаан удаа шалгасан ч нэгч зөрчил гараагүй юм байх. Гэсэн ч тэсэлгүй өргөдлөө өгөөд намын ажилдаа оржээ. Ороод өрөөгөө засах гэтэл мөнгө байсангүй. Энэ үед академийн нэг сул өрөөг  “Залуусын эерэг нөлөөл” ТББ-ыг үүсгэн байгуулсан төрсөн дүү Баттулга нь бүтэн жилээр түрээслэхээр болжээ. Түрээс нь 10 сая гэнэ. Ингээд шинэ дэд захирал “зуучлагч”-аасаа 10 сая төгрөг зээлж дүүдээ өгөхөөр болж эхнэрээ явуулаад таван саяыг нь авахуулжээ. Үлдэгдэлийг нь дүүгийх нь ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Гантулгын данс руу шилжүүлүүлсэн. Ингээд академи ТББ-тай гэрээ хийж бүтэн жилийн түрээс аваад түүгээр нь дэд захиралтан өрөөгөө зассан гэнэ. Харин улсын яллагч үүнийг нь няцаажээ.

...Н.Хүрэлбаатараас мэдүүлэг авахад Батсүх нь  үүнийг зээл мэтээр хэлцэл хийчихье гээд шахаад байхаар нь хэлцэл хийсэн ...
“... Дүү Баттулгаас нь мэдүүлэг авахад Гантулга найзаасаа 5,000,000 төгрөг аваад “проекц” буюу мөрийтэй тоглоом тоглосон, засвар хийгээгүй ...

Баянзүрх дүүргийн татварынхны энэ хэрэгт бусдын гэрт зөвшөөрөлгүй дайрч орсон, солонгос иргэнийг зодсон, НӨАТ-ын мэдээлэл зассан гээд өчнөөн үйлдэл бий. Экс байцаагч Ч.Сугар нь согтуудаа Ц.Чингүнжавтай хамт солонгос иргэн Хун Ха Рюнгийн гэрт дураараа орж зодож гэмтээсэн гэж яллагдсан. ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газарын байцаагч Н.Жаргалцэцэг нь 30,000,000 төгрөгийг өөрийн танил  “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” УҮГ-ын Систем төлөвлөлтийн албанд мэргэжилтэн ажилтай Х.Тайванд өгч, нэмэгдсэн өртгийн албан татварын “Ибаримт” санхүүгийн системийн “Таны худалдан авсан баримт хуурамч тул тайлангаа хавсаргана уу” гэсэн мэдээллийг устгаж өгөхийг гуйж устгуулсан гэж буруутгагдсан. Референт М.Алтанбагана нь хоёр сая төгрөгөөр тасгийн экс даргын “цэрэг” байцаагч Б.Буянцэцэгийн төрийн албаны шалгалтын ерөнхий мэдлэгт 20 оноо авсаныг 49 болгож зассан гэж тогтоогджээ. Анхан шатны шүүхээс тасгийн экс даргад нийтийн албанд ажиллах эрхийг найман жилээр хасаж 30 сая төгрөг, “зуучлагч” Н.Хүрэлбаатард нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж 29 сая төгрөгөөр торгох ял оноосон. Бусад шүүгдэгчидэд мөн ял оноосон. Харин давж заалдах шатны шүүх анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Бүх шүүгдэгчидэд хувийн баталгаа гаргах мөн хилийн хориг тавигдсан хэвээрээ байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ