alim.mn | 2025.06.16
Г.Амарсайхан: Намайг 8 сар суугаад гарч ирэхэд 7 хүн нас барсан, бүгд тараад явчихсан байсан. Гарсан сургаар бүгд эргээд ирсэн

Зөв амьдрах ухаан ТББ-ын тэргүүн Г.Загдаагийн гэргий Г.Амарсайхантай ярилцлаа. Тус байгууллагын гадаад орчин, байр бүртийх ч цаасгүй цэмбийж, аргагүй л ажилсаг чамбай хүмүүс удирдан залж явдгийг харуулна. Ярьж суух тусам Г.Амарсайхан эгч "Өндөр ээж" шиг санагдсаныг нуух юун. Нөхрөө хүндэлж байнга л миний хань, хань бид хоёр гэж яриагаа эхэлнэ. Ийм л сайхан сэтгэлтэй хүмүүс хүүхдүүдийн төлөө, алдаж эндсэн нэгнээ зөв замд оруулахын төлөө ажилладаг биз ээ.  

-Та хоёрыг монголчууд андахгүй. Анх яаж танилцсан бэ?

-Би Архангай аймгийн Цэнхэр суманд 1965 онд төрсөн. Миний хань Баянхонгор аймгийн Баян-Овоо сумынх.

-Загдаа гуай залуудаа нэлээн ширүүн байсан уу?

-Хүмүүс харин тэгдэг юм. Тэр үеийн залуус одооны залуус шиг нэгийгээ бэртэж гэмттэл зодох ч юм уу, тийм үйлдэл гаргадаггүй. Тэр үеийн хүмүүс нялхас, эмэгтэйчүүдийг, өөрөөсөө сул дорой хүнийг дээрэлхэнэ гэж байхгүй. Харин дорой хүмүүсийг дээрэлхээд байгаа хүмүүстэй үзэлцэнэ үү гэхээс биш. Миний хань гэр бүлдээ, найз нөхөддөө, нийгэм хамт олныхоо дунд маш зөөлөн хүн. Хүмүүс яагаад ширүүн гэж ойлгодог вэ гэвэл хэний ч өмнөөс хэлье гэсэн юмаа шууд хэлчихдэг. Юмны эвийг олъё, зөөлрүүлж хэлье гэсэн юм мэдэхгүй. Тэгээд л ширүүн дориун гэж боддог болохоос нулимс ойрхон, өрөвч, тулсан зүйл дээр надаас зөөлөн хүн. Олон охидтой, маш зөөлөн, уян зөөлөн хүн байхгүй юу.

-Та хоёр хаана танилцсан бэ?

-Би Сэлэнгэ аймагт сургуульд сураад, Сэлэнгийн Номгоны САА-д аавын талын ах дүүс байдаг байсан. Тэр үед Архангайгаас Сэлэнгэд сурч байгаа юм чинь унаа машин хэцүү, зардал мөнгө хэцүү, малчин айлын хүүхэд. Тэр болгон Архангай руу гэр орон руугаа яваад байх боломжгүй. Амралтаараа Номгонд ах дүү нар дээрээ очдог. Тэгж яваад танилцаад 1984 онд гэр бүл болж, 85 онд анхныхаа охиныг төрүүлсэн. Би 19-тэй, нөхөр 26-тай байсан. Тэр үед их л олон насны зөрүүтэй юм шиг байсан, одоо тэгээд амьдралын эрхээр чацуу болчих юм байна. /инээв/ Анх  ах л гэнэ, жаахан хүүхэд юм чинь...

-Номгоны САА-д миний хань тэр үеийнхээр атаман. Загдаа жаахан охин аваад ирсэн, зовоох байхаа гэж яриа гарсан гэсэн. Одоо бол Номгоны САА-н дарга, нэгдлийн дарга байсан хүмүүс миний нөхрийг бүр магтдаг. Бид 2 1987 оноос Зүүнхараа САА-д ирж амьдарсан. Сүүлд бид хоёр ХЭАА нээчихсэн байхад Номгоны САА-нхан манайхаар ирнэ. "Хүн сайхан болох юм аа, Загдаагаараа бахархаж байна" гэдэг байсан. Өмнө нь эхнэр хүүхэдгүй залуу хүн, Номгон жижиг газар дарга нараа хатуухан үг хэлбэл ороод агсам тавьчихдаг, Загдаа архи уучихсан явна гэвэл залуус, Номгоныхон тэр чигтээ нуугддаг байсан гэж ярьдаг. Тэгээд гэрлээд, хүүхэдтэй болоод томоожиж номхорсон.

-Та тэгвэл хүмүүжүүлсэн юм биш үү?

-Ер нь гэр орныг, амьдралыг эмэгтэй хүн авч явдаг. Эр хүн өрхийн тэргүүн, нарийн ширийн, нандин ухаан, эр нөхрөө яаж засах вэ, үр хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ, гэр орноо өнгөтэй өөдтэй байлгахад эхнэр хүн л үүрэг гүйцэтгэнэ. Нөхрийнхөө олоод ирсэн мөнгө санхүүг яаж зарцуулах вэ гээд гэрийн эзэгтэйгээс их хамаарна. Тэр гэр бүлийг тэгш авч явахад эхнэр маш их үүрэгтэй. Эхнэр зөв байж нөхөр нь эхнэрээ хүндэлнэ, эхнэр зөв бол нөхөр дагаад өөрчлөгдөнө. Одооны гэр бүлийг харахаар сэтгэл дундуур байдаг. Эмэгтэй хүмүүс маш их архинд орж байна, тамхи их татаж байна. Гэр бүлийн дэм дараа, эмх цэгц алга, эр хүн өрхийн тэргүүн, тэр гэр бүлийн маш том хамгаалалт болж яваа, өрхийн тэргүүнгүй бол тэр гэр лүү дуртай хүн дайрна.  Одоо надаас маш олон хүн зөвлөгөө авдаг. Бид хоёрын лайв нийгэмд маш их зүйлийг ойлгуулж яваа. Маш олон гэр бүл, гадаадаас ч "Та хоёроос маш их юм сурч байгаа, гэр бүлийн харилцаанаас их зүйл сурч ойлгож байна" гэсэн хүмүүс зөндөө байдаг. Нөхрөөсөө салмаар байна гэдэг, 4, 2 хүүхэдтэй гэнэ. Салах бол хамгийн амархан. Гэтэл эцэггүй хүүхэд хэн болу өсөх вэ, гэр бүлийн бүрэн бүтэн байдал алдагдахад тэр гэр бүлд ямар аюул нүүрлэх вэ, ямар том хамгаалалт алга болж байгаа гэдгийг ойлгодоггүй. Яриад байхаар ойлгоод сүүлдээ үнэхээр баярлалаа, таны зөвлөсний дагуу байсан чинь амьдралынхаа асуудлыг шийдсэн гэдэг хүмүүс байна. Эмэгтэй хүн эрэгтэй хүний хажууд маш их тэвчээртэй юм шиг санагддаг. Тэвчээд зөв байх юм бол амьдрал аяндаа сайхан байна. Тэвчинэ гэдэг зодуулаад нүдүүлээд, дээрэлхүүлээд бай гэсэн үг биш.  Тэр догшин ширүүн авир яагаад гараад байна, яагаад ийм байдалд хүрэв гэдгээ анхаарах хэрэгтэй. Юунаас шалтгаалаад байна гэдгээ бод, гэр бүлийн хоёрт хоёуланд нь асуудал байгаа. Нэг нь энхийн цагаан тагтаа байгаад, нөгөө нь аймшгийн байна гэж байхгүй. Асуудлыг л тэгж ойлгуулаад байдаг болохоос бодитоор тийм байдаггүй.

-Хэдэн хүүхэдтэй билээ?

-Бид хоёр төрсөн 6 хүүхэдтэй. Энэ ажлыг бид хоёр 2006 онд эхлэхдээ 2 бүтэн өнчин хүүхэд траншейнээс олж авсан. Эцэг нь нас барсан, эх нь ор сураггүй алга болсон 2 бага насны хүүхэд аваад, эхлээд тусалдаг хүмүүстэйгээ эрэгтэйг нь эрэгтэй, эмэгтэйг нь эмэгтэйчүүдтэй хамт байлгахад тэр хүмүүс хүүхэд арчилж авч чадахгүй байсан. Адаглаад хичээлд нь цэвэрхэн явуулахгүй. Тэгээд 2 хүүхдийг гэртээ авч хүүхдүүдтэйгээ хамт өсгөсөн. Тэр 2 маань 8 дугаар ангид орох жилээ бид хоёрыг ааваа, ээжээ гэх болсон. Анх бид хоёроос ээж аав гэж хэлмээр байна, тэгж болох уу гээд. Болно оо, гээд тэрнээс хойш ээжээ ааваа болсон доо. Эгч нь одоо Онцгой байдлын залуутай гэрлэсэн 2 хүүхэдтэй. Их засаг их сургуульд сурч байгаад хүүхэдтэй болоод арай төгсөөгүй. Дүү нь их сургуулиа төгсөөд, одоо Японд байгаа. Одоо 8 хүүхэд, 14 ач зээтэй. Хүүхдийн баяр, шинэ жилээр ийшээ тийшээ бэлэгнүүд каргогоор илгээдэг. Наад бэлэг яг 6 сарын 1,12 сарын 31-нд очих ёстой гээд Дархан, Дорнод, Хөтөл явуулна. ийм л өнөр бүл байна даа.

-Та хоёр яагаад заавал Зөв амьдрах ТББ-аа байгуулах болсон юм бэ?

-Ер нь бид хоёрын амьдралын зам дардан байгаагүй. Миний нөхөр айлын өргөмөл хүү. Уг нь төрсөн аав ээжээсээ 12-уулаа, ээжийнхээ эгчид өргөгдөөд, нэлээн хэдэн жилийн дараа дүүгээсээ бас нэг хүүхэд өргөж авсан айлын хоёрхон хүүхдийн нэг. Миний нөхөр төрсөн аав ээж дээрээ 5 нас хүртлээ байсан. Өргөж авсан аав ээж нь баян тансаг амьдралтай, үр хүүхэдгүй. 5 нас хүрсэн хүүхэд чинь буцаж олуулаа өссөн гэр лүүгээ гүйчих гээд, тэр хүүхдийг гүйлгэхгүй өөрсөндөө дасгахын тулд зоргоор нь элбэг хангалуун өсгөсөн. Тийм учраас миний нөхөр ер нь дураараа. Миний нөхөр 7 төгсөөд Дүрслэх урлагийн сургуульд явах байсан. Миний хань уран гартай, энэ гэрийн бүх зүйлийг хийсэн. Ээж аав нь уран, монгол гутлыг гоё оёдог байсан.  Дүрслэх урлагийн сургуульд явах ёстой байсан ч дураараа хүн чинь ангийнхаа багштай муудалцаад орж чадаагүй юм билээ. Цэрэгт яваад амьдралаа эхэлсэн. Залуу гэр бүл нийлээд сайхан амьдарч байсан. Тэр үед хоёулаа ажилтай, миний нөхөр реклам чимэглэл их хийдэг, цалин мөнгө нь илүү ч үгүй, дутуу ч үгүй болдог. Зах зээл эхлэнгүүт бид хоёр хамгийн анхны ХЭАА нээгээд, мод мужааны чиглэлээр үйлдвэр эрхлээд нэлээн амжилттай явж байсан. Яг картын барааны үеэр банзаа хятад руу гаргана. Тэр үед банзаа гаргаад оронд нь гурил будаа, элсэн чихэр оруулж ирэх хүнд зөвшөөрөл олгодог. Банз гаргаж, гурил элсэн чихэр оруулж ирдэг ажил хийж байгаад сүүлдээ амьдрал боломжийн болж ирсэн. УИХ-ын гишүүд гэрийн үйлчлэгчгүй байхад бид хоёр гэрийн үйлчлэгчтэй, хүүхэд асрагчтай, хангалуун амьдарч байсан. Сүүлдээ миний нөхөр архи нэлээн уудаг болоод. Архины асуудал янз бүрийн байдлаас болно, боломжийн амьдралтай үедээ ууна, эсвэл бүр хүнд үед хүн архи уудаг. Зовлон бэрхшээл гэнэт үзээд архи ууж байна. Анх миний нөхөр архи уухдаа нэлээн нэр алдартай ч болсон, боломжтой ч байсан. Сүүлд үйлдвэрээ зараад бизнес дампуурч эхэлсэн, өрөнд орсон, маш хэцүү амьдралыг туулсан. Тэгэхдээ л одооны хүмүүс шиг хариуцлагаас зугтаагаад, үр хүүхдээ хаяж өнчрүүлж яваагүй. Бие биенээсээ урваад явсан нэг цаг, минут ч бид хоёрт байдаггүй. Яагаад амьдрал болохгүй байна, болох л ёстой, юуг буруу хийгээд байна, энэ болохгүй бол ингээд үзье гэж хамт зүтгэсээр байгаад энэ сайхан бүрэн бүтэн амьдралыг бий болгосон. 2004 оноос траншейны иргэд ихэссэн. Өмнө нь өвгөнтийн архичин л гэж байснаас гудамжаар шуудай үүрсэн улс, тэнэмэл хүүхэд их байдаггүй. Миний нөхөр үүнийг хараад санаа зовно. Тэгээд бид хоёр аваарь орсон, ер нь янз бүрийн л юм үзсэн. Сүүлдээ Христид итгэсэн, сүмд явж эхэлсэн. Тэндээс Ариун библи номыг маш их уншиж судалдаг. Хүнийг хайрлах ямар байдаг, бие биенээ хайрлахыг яаж сурах вэ гээд их зүйл заана.

-Анх яаж хүмүүсээ яаж олж асарсан бэ?

-Эхлээд бид хоёр 3 хүүхэдтэй гэр бүлтэй ажиллаж эхэлсэн. Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн тэнд траншейнд байсан гэр бүлийг хажуудаа авсан. Траншейнд байсан хүмүүс шинэ хувцас өгвөл талхнаас өгдөг. Нарантуулын урд талын хаалган дээр хувцас тараахад арын хаалган дээр архи болгоод зарчихдаг.

Эхлээд нөхөр бид хоёр цувдай гэдэс дотор аваад хуушуур бууз хийгээд траншейнд нь аваачиж өгдөг. Сүүлдээ тэр хүмүүс гэр оронтой болмоор байна, туслах юм бол сайхан амьдарч болмоор байна гээд. Хамгийн анх 3 хүүхэдтэй гэр бүл авч үзсэн, тэр айл сайхан болсон. Тэд сайхан болоод зах худалдааны төвөөр  явахаар хуучин хамт байсан нөхөд чи ямар сайхан болоо вэ, хаана байгаа юм гээд ийм хүн дээр ирсэн гэхээр намайг уулзуулаад өгөөч тэр газар очъё гээд ингэсээр байгаад өнөөдөр 120-130 хүнтэй болчихсон.

-Гурван хүүхэдтэй айлд анх туслахад гоё байсан. Нөгөө хүүхдүүд нь сургууль соёлгүй байсныг сургуульд оруулаад, сургуулийн нас хэтэрснийг албан бусад оруулаад шалгалтыг нь өгөөд энгийн анги руу оруулсан. Траншейнд байсан хүүхэд "горшок"-онд бие засах тухай мэдэхгүй, гар нүүрээ угаахгүй. Траншейнд өглөө өдөр болж байгаагаа ч мэддэггүй тас харанхуй байдаг гэсэн. Монгол гэр бариад өгчихсөн байхад хаана ч хамаагүй бие засдаг, нэлээн тулж ажилласан. Траншейд байгаа биш ээ, гар хөлөө угаа, усанд ор хүүхдээ арчил асар, хичээл сургуульд нь цэвэрхэн явуул гэхээр сүүлдээ тэр хүмүүс дургүйцсэн, лайтай юм бэ гээд п-гээ уншаад л... Нэгэнт л зөв амьдралын хэв маягаа алдчихсан хүмүүс эргээд соёлт хүн шиг амьдрахад нэлээн юм болдог. Тэгж байгаад дасна, одоо үр хүүхэд нь том болоод сургууль соёл төгссөн, сайхан л амьдарч яваа. Тэрэндээ урамшаад ирсэн хүний цаашаа гэхгүй аваад, 2013 онд хүртэл 52 иргэнийг нийгэмшүүлж хамт байсан. Дандаа гэр бүлээр нь авдаг. Манай ТББ гэр бүлийг эргэн нэгтгэдэг, гэр бүлээр нь авдаг онцлогтой. Энэ нь Монгол Улсад байтугай олон улсад ч байдаггүй гэсэн.  Таван жилийн өмнө Монголд үйл ажиллагаа явуулдаг гадны компани судалгаа хийгээд энэ тухай судалсан. Нэг нь хүссэн хүн бүр ирж болно гэсэн уриатай, харин манайх гэр бүлээр нь авдаг. Бид хоёрт хэн ч зааж өгөөгүй, гэр бүлийн бүрэн бүтэн байдал, халуун дулаан уур амьсгал чухлыг яс махандаа шингэтэл мэдсэн хүмүүс.

-Яагаад гэр бүлтэй хүн авдаг юм бол?

-Одоо манай төрөөс авч байгаа арга хэмжээ бол архичин, үр хүүхдээ айлгаж ичээгээд байна гээд хүүхдүүдийг асрамжийн төв рүү аваад явдаг.  Хүүхдүүдээ асрамжийн төвд алдчихсан хүмүүс өнөөдөр юуны төлөө амьдрах вэ?!  Энэ чинь хүн байхгүй юу, ядуу орон гэргүй байж болно, архичин, шорон оронд орсон байж болно. Гэхдээ үр хүүхдийнхээ өмнө маш үнэ цэнтэй. Хүүхэд миний аав муухай, бөөс хуурстай гэхгүй. Тийм ч байсан ээ, аав аа л гэнэ. Тийм учраас бид хоёр төртэй зөрчилдөөд байгаа хамгийн том шалтгаан энэ. Та нар ерөөсөө эцэг эхтэй нь ажиллахгүй байна. Зүүхээр оруулаад салгах амархан. Ирээдүйд тэр хүн хэн болж гарч ирэх вэ? Ямар иргэн болж төлөвшөөд байна. Одоо энэ асрамжийн төвөөс гарч ирээ байгаа хүмүүс өнөөдөр хэн байна вэ? Ингээд ярихаар Загдаа гуай, Амараа гуай хоёрын уг нь зөв, гэхдээ боломжгүй гэж  ярьдаг.

-Тэгээд асуудал үүссэн юм уу?

-2013 онд АСЕМ-ын зочдоос нууж манай улс ажил хийлээ. Гурван ТББ-ыг сонгож аваад, манайх яаж орсон юм, танил тал байх биш.

Нийслэлийн цагдаагийн газар, ЗДТГ хамтраад тэнэмэл орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх ажил зохиогоод манай дээр 60 хүн ирсэн. Тэгээд 10 гэр манай хашаанд худалдаж авчирч барьж өгөөд, нэг гэрт 6 хүн амьдрахаар бодож буулгасан. Ингээд 120 хүнтэй болчихсон. Бид хоёрыг төр засгийн байгууллага маш их хүндрүүлсэн. 2 сарын 29-нд гэрээ байгуулаад 5 сарын 31 гэхэд гэрээний хугацаа дуусаад АСЕМ ч болж өнгөрсөн. Тэгээд хүнээ ч авахгүй, санхүүжилтээ ч өгөхгүй, хариуцах эзэнгүй зогсчихсон. Тэгээд бид 2 төр засагтай хэрүүл эх эх үүсвэр тавигдсан. Түүнээс биш бид хоёр өмнө нь 50 гаруй иргэнтэй байхдаа төрийн байгууллага нь хаана байдаг юм, яам нь хаана байдаг юм, огт мэддэггүй байлаа.

-Эсвэл хүмүүсээ ав, үгүйдээ 00, муу усны нүх, түлээ нүүрс, тог цахилгаан дийлдэхгүй байна, эсвэл санхүүжилтээ өг гэж явсаар байгаад, Цагдаагийн байгууллага 10 гэр, эд хогшлыг худалдаж авч өгсөн. Төрийн мөнгө тэгж угаагддаг. Сүүлдээ хүнээ аваагүй байж жил болгон ирж гэрээ тоолдог. Сонин байгаа биз, Загдаа гуай, Амараа гуай 2 дээр 60 иргэн аваачаад өгчихсөн, яаж байна гэхийн оронд гэр бүрэн байна уу гэнэ. Бид хоёр 2020 онд шүүхээр явахад гэрүүдээ ирж ачаад авч явсан. Танайх өмчдөө авч болно гэсэн, үгүй авахгүй гэсэн.  Дараа нь Загдааг улс 10 гэрээр харж үзсэн гэж ярина. Тэгээд 120-130 хүнтэй болчихсон. Одоо ч тэр төслөөс 20-иод хүн байдаг. Бид хоёр муухай асуудалд ороход 128 хүн, 68-н 0-16 насны хүүхэд байсан. Бид ял авна ч бодсонгүй. Хийсэн, хийгээгүй хэрэг өдөр шөнө шиг гараад ирнэ гэж итгэлтэй байсан. Бид хоёрын шүүх хурал 11 сарын 17-нд болсон. Нэг өмгөөлөгч Төв аймагт шүүх хурал давхцаж байгаа учраас хурлыг хойшлуулж өгөөч гэж хүсэлт гаргахаар нь бид хоёр зөрөөд тэр өмгөөлөгчөөсөө татгалзаад байгаа өмгөөлчидтэйгөө хурлаа хийлгэнэ гээд орсон чинь ял авчихсан. Бид ял аваад явахад миний хүүхдүүд дээр энэ 130 шахам хүн өвлийн хүйтэнд үлдсэн. Бид хоёрын шүүх хурал болоод ковид гарчихсан. Өөр ямар ч хүний хурал болоогүй. Тэгээд миний хүүхдүүд дээр 0-80 гаруй насны 130 хүн үлдэхээр үнэхээр хүнд замыг туулсан. Бид хоёр их адармаатай амьдралыг туулж яваа, баян ч явж үзлээ, ядуу хоосон, өр ширэнд ч орж үзлээ. Гэхдээ бид хоёр нугараагүй, сөхрөөгүй, бууж өгөөгүй. Зүтгэсний хүчинд энэ сайхан гэр бүлийг бий болгосон. Миний хүүхдүүд маш сайхан хүмүүжилтэй, хүүхдүүд байтугай хүргэчүүд ч архи дарс уудаг, амсдаг хүн байхгүй. Ажилдаа явлаа ирлээ, амралтын өдрөөр гэр бүлээрээ салхиллаа, ийм л амьдралтай. Бид ямар ч баяр ёслолын үеэр архи дарс хэрэглэхгүй. Манай хамт олон тэр чигтээ, 20-иод жил архигүй баяр ёслол тэмдэглэж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарч ирээд архи биш сүү өргөж амьдаръя гэсэн, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчид албан өрөө тасалгаанд архи уулгахгүй, ажлаас нь хална, хариуцлага тооцно л гэсэн. Ордон дотор хүн үхэж байна, яаман дотор нэгийгээ архинаас болоод алчихаж байна. Манай энд ямар ч архи байхгүй. Хүмүүс ойлгохоороо нийгмийн хамгийн эмзэг давхарга, ядуу дутуу, муу энергитэй гэж ойлгодог. Энд ямар ч байгууллагаас илүү дэг журам, эмх цэгц, сахилга бат байгаа. Ийм байж энд энэ олон хүн амар тайван, аюулгүй амьдарна. Орж ирсэн хүн болгон өөрийнхөөрөө дураар байвал аюул болно. Ингэхээр хүний эрх зөрчдөг диктатуртай, хүмүүсийг зоддог гэж ярьдаг.

      20 цагаас хойш эрэгтэй эмэгтэй хүмүүс, гэр бүлээрээ хэсэхгүй, гэр бүлээрээ айл руу орохгүй, гэр бүлээрээ л амьдарна. 6 хүүхэдтэй эцэг эх хоёр гаднаас хүн авахгүй яг гэр бүлээрээ л амьдарна. Дандаа загнаад байвал энэ хүмүүсийн урам хугарна, дан магтаад байвал толгой дээр гарна, тунг нь тааруулаад явна. Ямар ч байсан  хэдэн гэр бүл сайхан өөрчлөгдсөн. Муу зүйлээсээ салж чадахгүй, дахин дахин давтагдаад байгаа хүмүүс ч байна. 20-30 жил 40 жил ингээд амьдарчихсан хүмүүс өргөс авчихсан юм шиг гэнэт сайхан болчихгүй байна. Бид маш их цаг хугацаа, стресс нерв зарцуулж байна.  Зарим нь сайхан болж, зарим нь сайхан үр дүн гарахгүй л байна.

-Зөв амьдрах ухаан гэж гоё амьдрахыг зорьж явдаг та хоёрын амьдралд үнэхээр хар толбо гарсан...

-Бид хоёрын үзэн яддаг, дургүй юмны эсрэг юм бид хоёрт хийж байгаа юм. Төрийн зарим байгууллагууд... Бид хоёр гэр бүлээс гадуурх харилцаа, архидан согтуурах, завхайрах, худал хуурмаг хулгайн эсрэг байдаг хүмүүсийг гутаасан. Архи дарс уудаг хүн бол галзуу согтуудаа тиймэрхүү зүйл үйлдлээ гэхсэн. Энэ 120-130 хүний дунд яаж тийм хэрэг үйлдэгдэх вэ. Үнэхээр аймшгийн зүйлээр гутаан доромжилж, бид хоёрыг тэр муухай газар оруулсан. Гэхдээ цаг хугацаа бүхнийг нотолж байгаа. Намайг энд байгаа нялх балчир хүүхдүүдийг чимхдэг зоддог, тарчлаадаг, зарим нэг хүний захиран зарцуулах эрхэд бүлэглэн халдсан гэж миний нөхөр бид хоёрыг ялласан. Яагаад тэгсэн бэ гэвэл Халиун гээд миний нөхрийг гүтгээд байгаа хүүхэн амрамжийн төвд өссөн.  Асрамжид байхдаа оргож гарч, гудамжаар биеэ үнэлж яваад жирэмсэн болсон. Жирэмсэн болохоор нь хүүхдүүд байдаг газар ийм хүн байж болохгүй гээд асрамж хөөсөн. Тэгэнгүүт тэнэж яваад 3 дугаар төрөхөд ирж төрсөн.  Энгийн төрсөн ээж 24 цаг болоод гардаг. Харин тэр хүүхэд авах газар олдохгүй 7-8 хоносон. Асрамж нь авахгүй, ах дүү, хороо хорин нь ч авахгүй. Над руу хуучин байсан асрамжийн төвийн нийгмийн ажилтан нь ярьсан, хороо дүүргийнх нь хүмүүс ярьсан. Өөрөө хувь чатаар гуйсан. Тэгээд нялх хүүхэдтэй нь хүлээж аваад, хоёулхнаа амьдардаг гэрт оруулаад, 60 хүрч байгаа хөгшнөөр цай хоол шөлийг нь хийлгээд, өвөл битгий гадаа жорлон бие засуул, гэртээ бие засуул гэсэн. Хоёр нас хүртэл нь хүүхдийг нь би өсгөсөн. Ой 9 сартай үед нь бид хоёрыг гадуур явж байгаад 2019 оны 11 сарын 26-нд  орой гэртээ ирэхэд байхгүй болчихсон байсан. Хөхнөөсөө гараагүй хүүхдээ хаяад алга болчихсон. Өмнө нь гэсэн хүүхдээ хаяад машинд суугаад явчих тохиолдол зөндөө гарч байсан. Тэгээд алга боллоо гэж холбогдох хүн байгууллага руу хандсан. Олохгүй байна л гээд байсан. Гэтэл манай дэмжигчид Бөхийн өргөөний Шөлөндөө хавьцаа биеэ үнэлээд байна, буудлаас согтуу гарч байна гэж зураг хөргийг нь явуулаад байсан. Хүмүүс хараад байсан, цагдаагийн байгууллага л олохгүй байсан.

 -Ингэж яваад 2020 оны 4 сарын 9-ний өдөр мөнгөөр тэмцдэг гэх авгай нар удирдаад хэвлэлийн хурал хийгээд, тэр орой манай гадаа бүх хэвлэл мэдээлэл, 200-300 цагдаа ирээд албадан баривчилсан. Манайх руу Эдийн засгийн цагдаа гээд шалгаагүй газар байхгүй. Тэр эмэгтэй хүчиндүүлсэн он сар хугацаагаа мэддэггүй, хэдэн удаагаа мэддэггүй. Өөрөө нотлох баримт байгаа гэдэг хоёр гар утсан дээр хүчиндүүлж байшаа бичлэг бий гэж хэлдэг. Хоёр гар утсыг нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, тусгай шалгадаг газрууд нь хэдэн удаагийн үзлэг хийгээд хэрэгт ач холбогдол өгөх нэг ч зүйл олдсонгүй гэж дүгнэлт гардаг. Эрүүл мэндийн хувьд үзлэг оношилгоонд оруулахад тэр эмэгтэй анхнаасаа бүр манайд ирэхдээ тэмбүү өвчтэй байсан бид эмчлүүлсэн, дараа нь хэрэг үүсээд ахиад шинжилгээнд оруулахад тэмбүүтэй, хурц үрэвсэлтэй гэж гарсан. Миний нөхөр эрүүл гардаг гэх мэтчлэн зөндөө юм байгаа. Гэтэл нотлох баримтгүйгээр миний нөхрийг ялласан. Хэрэв хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол хэзээ хаана яаж хөдөлбөргүй тогтооно гэж байгаа. Тогтоогдсон юм юу ч байхгүй. Хэзээ юм бэ гэхээр нэг бол 2017 онд гэдэг. Тэр үед манайд ирээгүй байсан. Энэ байгууллагад 2019 онд ирсэн хугацаа таарахгүй байна гэхээр андуураад хэлчихсэн байна гэдэг, цаг хугацаа бүх юмаараа нотлогддоггүй. Хугацаагаа санаж байна уу гэхээр сайн санахгүй байна гэдэг. Энэ нь ч зохион байгуулалттай. Хэрэв хугацаа хэлбэл бид хоёр өдөр болгон лайв хийдэг хүмүүс, тэр өдөр гээд хэлчихвэл бид хоёр лайваа ухаад гаргаад ирнэ. Тэр үеэр нь бид хоёр Архангайд, Чойрт явж байсан бол яахав. Хэргээр цаанаасаа он сар хэлэхгүй байгаа байхгүй юу. Хэвлэлтийн хурал хийхэд ч нийгэм тэр аяараа харж байсан. Нөгөө Оюунцэцэг, Хандсүрэн гээд авгай Халиунааг зоригтой хэл, хаан болсон подвальд уу гээд хөтлөн дагуулаад, биеийн хэлэмж, хүний нүүр өөд харж чадахгүй байгаа байдал бүх зүйлээсээ ил байсан.

  Зарим айхтар сэтгүүлчид "Та Загдаа ах 2 нийгмийн ажилтантайгаа нийлж хүчиндсэн гэж ярьсан. Загдаа гэдэг хүний хэргийг ил болголоо, одоо 2 нийгмийн ажилтныхаа нэрийг ил болго гэхээр болохгүй гэсэн" гэдэг. Хэн гэхээр Цагдаагийн байгууллага одоохондоо хэлж болохгүй гэсэн. Урд өдөр нь зохион байгуулаад маргааш нь хэвлэлийн хурлаар оруулж байгаа нь энэнээс тодорхой байгаа.  Сэтгүүлчид удаа дараа хүчирхийлэл үйлдээд байсан юм бол хэвлэлийн хурал гэхээсээ хууль хяналтын байгууллагад хандахгүй яасан юм бэ гэхээр "Загдаа ах цагдаад аймаар том ар талтай, он сараа хэлээд 3-4 өргөдөл өгсөн, өргөдөл маань бүр байхгүй болчихсон гэж байгаа юм. Шүүх хурлын өмнө манай өмгөөлөгч цагдаагийн байггууллагад албан бичгээр ханддзаг. Энэ эмэгтэй ингэж ярилаа, хэдэн удаа танайд хандсан талаар мэдээлэл өгөөч гэхэд 4 сарын 20-нд нэг л удаа өргөдөл өгсөн, тэр нь шүүхэд шилжих саналтай явж байна, өмнө нь өргөдөл гарч байгаагүй гэдэг хариу ирдэг. Ингэж л худлаа ярьдаг. Ингэж л гүтгэдэг, хуулийн өмнө бид яагаад ч өвдөг сөгддөг юм билээ. Бидэнд нотлох юм зөндөө байгаа, энэ өдрийн лайв энэ, энэ өдөр манайд ийм үйл ажиллагаа явагдаж байсан гэдэг.

Хаана үйлдэгдсэн бэ гэхээр ус зайлуулах хоолойд гэдэг, тэнд ус гоождог, тагтаа шувуу ч багтахгүй газар. Цагдаа ирээд харахаар тэр нь боломжгүй газар байнгуут нүхээ хайгаад тэгснээ, хаа байсан төө тэнд байгаа машины яамыг заадаг. Тэр нь бас ямар ч боломжгүй, тэгэхэд манай хуулийн байгууллага боломжтой гэж үзээд миний нөхрийг ялласан. Бид хоёрыг шоронд орсны дараа энэ хүмүүсийг дайраад дуртай хүнээ ирж аваад, асрамжийн төвүүдээр тараасан, Өнөр бүл, Бадамлянхуад аваачиж өгсөн. Төр Загдаа, Амарсайхан гэдэг хоёр хүний эрхэнд байна, төр засаг хүнээ, хүүхдүүдээ хамгаална гээд авсан. Бид хоёр шорон, төр нь хүнээ мэдээд авлаа. Би  хаалттай 407 дугаар хорих ангид 1 жилийн ял аваад 8 сар гаран ял эдэлсэн. Миний нөхөр 6 жил 2 сарын ял аваад Мааньт гэж хорих ангид очсон. Би 8 саран суугаад шууд суллагдсан. Яагаад гэхээр 2021 оны 7 сарын 9-д Өршөөлийн тухай хууль гараад тэр хуульд нь хамрагдсан юм билээ. Ганцхан эмэгтэй шууд суллагдсан нь би байсан. Надтай хэд хэдэн эмэгтэй гарсан ч бугуйвчтай, зорчих эрх хязгаарласан гэж гарсан. Би гараад шууд хашаандаа ирсэн.

-Ирэхэд ямархуу угтав?

-Энд ажил амьдрал буцалж байдаг газар чинь юу ч байхгүй, 4 хүүхэд 5 том хүн байсан. Бусад нь бүгд гудмандаа гарах нь гараад явчихсан. Намайг 8 сар суугаад ирэхэд 7 хүн нас барсан байсан. Зарим нь архинд хордоод, зарим нь хөлдөөд үхчихсэн байсан. Би гарч ирсэн, хүмүүс хэлнэ, танай хүмүүс аймшгийн явж байна, Багшийн дээдийн тунелийг өмхийрүүлж байна гээд маш их хүмүүс хандсан. Зарим нь намайг гарч ирсэн сургаар хүмүүс эргээд ирсэн, зарим нь Амараа эгчээ айлын үүдний амбаарт хэцүү байна гээд л эргэж ирээд, нөгөө тарж явсан хүмүүс бүгд эргээд ирсэн. Манайхаас 34 хүүхэд сургуульд явдаг байсан. Гэтэл нэг ч хүүхэд сургуульд яваагүй байсан. Би мэргэжлийн байгууллагуудаас асуусан. Над дээр байсан хүүхдүүд хаана байна, хичээл сургууль хамрагдаж байна уу гэсэн, ажлын хэсэг байгуулсан хяналттай байгаа гэсэн. Нэг ч хүүхэд байхгүй байсан. Багш нартай нь холбогдсон, онлайнаар хичээллэж байгаа гэсэн.  Бодит байдал дээр очиход айлын үүдний амбаарт юун онлайн байтугай хоол ч үгүй хэцүү байсан. Буцаад хүүхдүүдээ аваад, гэтэл асрамжийн төвийн хүүхдүүд оргож ирээд байсан. Нэг хүүхэд бүр Гачууртын цаад талын уулын амнаас 7-8 удаа оргож ирсэн. Эхний 2-3 удаагийн оргож ирэлтийг хүүхдийн байгууллагад нь мэдэгдээд, БЗД-ийн Засаг дарга удирдлагуудад хэлсэн. Бага хамт олон, Цагдаагийн, эмнэлгийн, ээж эмээ, дүүргийн дарга нар, Нийслэлийн дүүргийн хүүхдийн байгууллагын дарга нарыг дуудаад хүүхдээ хүлээлгэж өгсөн. Сүүлдээ нөгөө хүүхэд ахиад оргоод ирдэг, ахиад хүлээлгэж өгдөг, сүүлдээ нөгөө хүүхдийг нөгөө асрамжийн төв нь авахаа больсон. Уг нь хуулиараа захирамжтай л бол тэр асрамжийн газар авах ёстой. Гэтэл ийм оргож босдог хүүхэд авахгүй гээд...Алдсан бол тэр асрамжийн газар хариуцлага хүлээх ёстой. Гэтэл ерөөсөө тэгдэггүй. Тэр байтугай дарга руу нь хүүхэд оргоод ирсэн, хүүхдийн талаар уулзъя гэхээр уулзахгүй байж байгаад хагас сайн өдрийн шөнө мессэж бичиж байгаа юм. Орой бичиж байгаад уучлаарай, маргааш хүүхдийнхээ талаар уулзъя гэж. Тэгье болж байна гэсэн. Бүтэн сайны өглөө ирэхдээ 2телевиз, цагдаа дагуулаад ирж байгаа юм.  Би ч боож үхэх гэж байгаа юм чинь...Би ямар гэм хийсэн юм бэ, захирамжтай хүүхэд алдсан байгууллага дээрээ ингээд очооч, хүүхэд оргоод ирсэн, цаг тухайд нь хэлсэн. Гэтэл яагаад над дээр ингэж ирж байгаа юм гэсэн, цагдаа манайд хамаагүй асуудал байна явсан. Энэ талаар 2 ч телевизээр мэдээ гарсан. Хүүхдээ хүлээлгэж өгсөн, тэр хүүхэд их хөдөлгөөнтэй, хүүхэд хамгааллын үйлчилгээ тусгай зөвшөөрлийг бүгдийг цуцалсан. Уг нь манай дээр нэг ч хүүхэд бэртэл гэмтэл байгаагүй, тогтоогдоогүй. Яагаад цуцалснаа ч тайлбарлаагүй. Өмнө нь тусгай зөвшөөрөлтэй байхад бид хоёрыг шоронд хийж чадсан юм чинь одоо зөвшөөрөлгүй үед энэ хүүхэд өндрөөс унаад гэмтчихвэл, хөл гараа хугалчихвал яах вэ, ахиад шоронд орох юм байна гээд хүлээлгэж өгөөд байхгүй юу?

Эхний 2-3 удаа хүлээлгэж өгсөн, сүүлдээ нөгөө асрамжийн газар авахаа болингуут одоо Офицерт байдаг Дон Боска гээд асрамжийн газар дүүгээс нь салгаад өгсөн. Тэр хүүхэд Дон Боскогоос ч оргосон, тогтоогүй. Сүүлдээ Дон Боскогийн багш өглөө эрт ирээд "Миний толгойтой үс цав цагаан болж байна, энэ хүүхдийг дийлэхгүй байна. Сургуульд нь энэ хаалгаар оруулаад, нөгөө хаалгаар зугтаж байна" гэсэн. Би ч гэсэн оргож ирэхээр нь нийгмийн байгууллагуудад хүлээлгэж өгсөөр байгаад над дээр ч ирэхээ больсон, асрамж дээрээ ч очихоо больсон. Сүүлдээ траншейнд очсон.  Дон Боскогийн багш траншейнд байгаад байна, та аваач гээд, би хүүхдээ хүлээж аваад, хичээл сургуулийг нь төгсгөсөн. Дараа нь Өнөр бүлээс хүүхдүүд оргоод ирсэн. Ингэсээр байгаад сүүлдээ зарим нь над дээр захрамж гарч байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй ч хүүхэд байна. Одоо мэргэжлийн байгууллагуудад би тусгай зөвшөөрөлгүй энэ хүүхдүүд ингээд байна яахав гэдэг. Жаахан байхдаа оргож босож байсан одоо дийлдэхгүй, энэ хүүхдүүд энд өсөж том болж байгаа учраас... Энд өссөн орчин нь байна, найз нөхөд нь байна, би чимхдэг зоддог байсан бол яагаад хүүхдүүд оргож ирэх юм. Гудамжинд миний барааг харангуут зугтдаг юм байгаа биз дээ. Ээж нь байгаа, эмээ нь байгаа, тийшээ оргохгүй бид хоёр луу оргож иргэж байгаа. Одоо миний хүүхдүүд ирээд 4-5 жил болж байна, Энэ 69, 30 дугаар сургуульд 2-3 зам хөндлөн гарна, нэлээн зайтай, өөрсдөө явдаг, өөрсдөө ирдэг. Оргох асуудал огт гарахгүй. Тэгээд төр засгийн байгууллагынхан танай тусгай зөвшөөрлийг хурдан гаргахыг бодъё, тэгэхгүй бол ямар ч арга байхгүй гэнэ. Та нар өмнө нь намайг тусгай зөвшөөрөлтэй, эрхтэй байхад энэ байгууллагад хүүхэд байх ёсгүй гээд авсан биз дээ, хэвлэл мэдээллээр танай Мандуул дарга, Азаа гээд мэргэжилтэн Загдаа гуайнд байгаа хүүхдүүд гар нь саарьтай, боловсролын үйлчилгээ авахгүй байна гэж олон нийтэд зарласан ч ш дээ. Загдаа гуайнд байгаа хүүхдийн гар саарьтай байх та нарт асуудал юм байна. Асрамжийн төвд, төрийн байгууллагын хамгаалалтад ирээд, хүүхдүүд амь насаа алдаж байна. Бага насны хүүхэд жирэмсэн болж байна, хүчиндүүлж байна, энэ асуудал биш юм уу? Би ийм л юм ярьж байгаа. Боловсролын үйлчилгээ авахгүй байгаа хүүхдүүд Японд сурдаг юм уу, боловсролын үйлчилгээ авахгүй байгаа хүүхдүүд их дээд сургуульд сурдаг юм уу? Зүв зүгээр ЕБС-д сурч байсан хүүхдийг надаас булааж авахдаа заримыг нь албан бусад оруулчихсан байгаа юм.  Үе тэнгийн хүүхдүүд дундаа боловсрол эзэмших эрхтэй энэ хүүхдүүд. Хүүхдүүдийн бичиг баримт өгөхгүй. Асрамжийн газрын хүмүүст ч шаардлага тавьж байгаа. Мэргэжлийн байгууллагын улс нь хүүхдийн эрх зөрчиж байна. Яагаад албан бусад өгсөн юм бэ гэхээр наад хүүхэд чинь юу ч сурахгүй байсан гэж байгаа юм. Над дээр захирамж гараад ирсэн. Албан бусад 10-20 настай хүн ч сурна. Тийм учраас хүмүүжилд нь нөлөөлнө гээд сургуульд оруулсан. Сая тэгж авсан хүүхэд маань хонхны баяраа хийлээ. Манай сургуулийн шилдэг хүүхэд гэсэн гэрчилгээ авсан.

 Нэг хүүхэд асрамжаасаа оргож ирээд дийлдэхгүй байхаар нь одоо болъё, энэ хүүхдийг тамлахаа больё, би явуулахгүй гэсэн. Тэгсэн чинь та мөнгө өгч, ангийнх нь гадаа очиж хүүхэд уруу татаад байна гэж гүтгэж цагдаад өгсөн байгаа юм. Та нар шалга, энэ хүүхдийн ангийнх нь гадаа нэг ч удаа очиж үзээгүй, албан бусад өгсөн байна лээ хаана байдгийг нь мэдэхгүй гэсэн. Тэгээд шалгаад худлаа нь тогтоогдсон байх. Тэгж хүртэл гүтгэсэн. Тэр нь амжилт олоогүй, тэр хүүхдүүд захирамжтай над дээр ирсэн байгаа. Ахынх нь араас хөөцөлдөөд ирсэн, гэтэл охин дүү нь 5 дугаар ангийн хүүхэд над дээр бас ирчихсэн. Дүү нь ирчихсэн гэхэд "Хэзээ" гээд асрамжийн төв мэдээгүй байгаа ш дээ. Тэгээд надтай тэрсэлдээд байдаг. Би энэ хүмүүсийн, энэ хүүхдүүдийн төлөө 21 жил амьдралаа зориулж байгаа. Зүгээр гудамжинд хаямааргүй байна, миний эндээс нэг хүүхэд хүчиндүүлээд, нэг хүүхэд жирэмсэн болоод, нэг хүүхэд хулгайч болсон бол би хоёр гараа өргөөд дийлэхгүй нь ээ, хүүхдүүдээ ав гэмээр байна.

Манайхаас тийм зүйл огт гараагүй, манай дээр ирсэн хүүхэд бүгд асрамжийн төвийнх, өнөөдөр хэн болчихсон байна, ийм л юм ярьж байгаа. Одоо төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага бид хоёрт ерөнхийлөө бууж өгч байгаа. Хүний эрхийн байгууллага ч удаа дараа ирсэн. Зөвлөмж хүргүүлж байгаа. Энэ Зөв амьдрах ухаан ТББ-д амьдарч байгаа хүүхдүүд хууль ёсны байх ёстой, зөвшөөрлийг нь олго гээд...

-Анх яагаад асрамжийн газар өссөн хүн гэнэт гүтгэх болсон юм бол?

-Миний нөхрийг л шоронд хорих сонирхол байсан, нийгэмээрээ бид хоёрыг дэвссэн. Бид хоёроос өөр хүн байсан бол магадгүй амиа хорлох хэмжээнд хүргэсэн. Даанч бид хоёр тийм юманд бууж өгдөг хүмүүс биш. Төр үнэхээр энэ хүмүүсийн төлөө ажилладаггүй, үнэхээр чадахгүй.

Энэ хүмүүс нийгмээсээ орхигдсон хүмүүс. Бид өмнөөс нь шаардлага тавьдаг учраас дарамтлаад байна гэж ойлгодог. Очоод мэргэжлийн арга зүйгээр хангаад өгөөч, тэр үүрэг нь та нарт бий гэхээр ирэхгүй байж, одоо очсон төрийн албан хаагчийг хөөгөөд оруулдаггүй, очсон цагдааг хөөгөөд гаргадаг гэж байна. Ирээд өгөөч гэж гуйхад ирдэггүй, ирсэн нэг нь зэвүүн ирэхээр "Ажил хийж чадахгүй юм байна гар чи" гэдэг. Тухайн үед манай нөхрийг шоронд суулгах сонирхолтой байсан. Яагаад тэр эмэгтэй 2 нийгэмийн ажилтантайгаа гэж хэлдэг нь маш өндөр ял өгүүлэхийн тулд тэгж хэлсэн байх. Манaй энд тийм гарах үндэс, боломж байхгүй. Бүр 20 цагаас хойш эрэгтэй эмэгтэй хүмүүс нэгнийхээрээ хэсэхийг хориглосон. Энэ журмаа айл болгонд скайнердаад, "люминаторлоод" өлгөсөн байгаа. Өнөөдөр айл болгон зурагттай. Манайх нөхрийг шоронд өнгөрнө гэж тооцсон байх. Манай нөхөр 2 удаа цус харвасан, хоёр удаа зүрхэндээ стент тавиулсан хүн. Энэ хүмүүстэй ажиллаж эхэлснээс хойш өвдсөн, бид 2 хамаг нервээ зарцуулж, зүрх сэтгэлээ зориулан ажиллаж ирсэн. Үүний үр дүнд ийм сайхан гэр бүлүүд бий болсон. Манай нөхрийг бие нь муу гарч ирэхгүй гэж тооцсон байх. Намайг шоронд хийдэг нь бид хоёрыг их сайн мэддэг, гэр бүл эхнэрийнхээ төлөө амиа өгөхөөс ч буцахгүй гэдгийг мэднэ. Эхнэр нь нөхрийнхөө төлөө амиа өгөхөөс буцахгүй учраас эхнэрийг нь ингэвэл Загдаа гөлөг болох байг гэж бодсон байх. Тэгж намайг ялласан гэж ойлгодог.

-Нөгөө хоёр нийгмийн ажилтан ял аваагүй биз дээ?

-Хүчиндүүлсэн гэж яриад байгаа хүний яриагаар бол 2 нийгмийн ажилтан ч ял аваад явмаар. Яваагүй, шалгаа ч үгүй. Тусгаарлаад ганцхан миний нөхөрт ял өгөөд явуулчихсан. Бид хоёрыг шоронд байх хугацаанд энэ 2 хүн заргалдсан.  Бид гурвыг гурвуулаа гэсэн, гэтэл нэг хүнийг шоронд явуулчихлаа, бид хоёр үнэхээр ийм хэрэг хийсэн бол тогтоогоод өгөөч, тийм биш бол нэр төр сэргээж өгөөч гэсэн. Миний үр хүүхдүүд тайван сургууль соёлдоо явж чадахгүй байна гэсэн. Хүний эрхийн байгууллага, прокурорын байгууллага хандаагүй газар байхгүй. Гэтэл намайг гарч ирсний дараа нэлээн ширүүн яваад эхэлсэн чинь сүүлдээ энэ хоёрыг яллагдагчаар татаад таван жилийн дараа сая ял өгөөд явууллаа. Ингэж тоглож байна, манай хуулийн байгууллага. Энэ хоёрыг явуулахгүй бол бид 2 цагаадна. Бид хоёрыг цагаадуулахгүйн тулд энэ хоёрыг яллаж байгаа.

-Нөгөө Халиуны гомдлоор уу?

-Сая энэ хоёрын шүүх хурал болоход нөгөө хүчиндүүлсэн гээд байгаа эмэгтэй нь олдохгүй, 12 удаа шүүх хурал хойшилсон. Шүүхээс албадан авчир, олж ир гээд захирамж гардаг. Шүүхийн захирамж биелдэггүй. Олдохгүй байна гэдэг. Бид хоёрыг яллахдаа алт авдартаа хийсэн юм шиг шөнө өдөргүй авчирч галзуу хүн шиг юм яриулсаар байгаад шоронд явуулсан. Одоо олооч, үнэн зөвөө шийдүүлэх гэхээр яагаад олохгүй байгаа юм гэдэг. Олдохгүй байна гэсээр байгаад сүүлдээ хохирогчгүй шүүх хурал хийгээд манай 2 хүнд нэг, нэг жилийн хорих ял өгөөд явуулсан. Бид хоёрыг цагаатгахгүйн тулд золиосонд энэ 2 хүнийг явуулж байгаа. Хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, нэг нь нүдгүй, нөгөө нь гаргүй, нэг нь 5, нөгөө нь 6 хүүхэдтэй. Ийм хоёр ядарсан хүнийг чадаж байгаа юм бэ. Ийм л нийгэмд бид амьдарч байгаа. Нийгэмээ хараад тайван байх аргагүй. Бид хоёр хэнд гай болсон юм. Бид хоёр улс орондоо үүрэг рольтой ажиллаж байгаа хариуцлагатай иргэн. Олон хэцүү хүнийг зөв замд нь оруулах гэж яваа. Бид хоёр ерөөсөө төрөөс санхүүжилт гуйгаагүй.  Бид хоёрыг шоронд байхад миний хүүхдүүд төр засгаас нэг шуудай гурил, нүүрс өгөөч гэж гуйж үзээгүй. Ковидын хүнд үед гуйгаагүй. Би шоронгоос гарч ирээд төр засгаас 5 шуудай нүүрс өгөөч гэж гуйж ороогүй.

Бид 21 жил үйл ажиллагаа явууллаа,  хүний л амьдрал энд хүн үхэж байна, төрж байна, хуримлаж байна. Оршуулгын зарлал гаргаж өгөөч гэж нэг удаа очиж үзээгүй. Манайд бичиг баримтгүй нэг ч иргэн байхгүй, сургуулиас завсардсан нэг ч хүүхэд байхгүй. Бүгд завсардаад ирдэг, бид 2 сургуульд оруулдаг. Эцэг эхийг нь ажлын байраар хангаж байна. Орлоготой болгож байна, гэр бүлүүд нь нийгэмшиж байна. Хүүхдүүд нь их дээд сургууль төгсөж байна, төлбөрийг нь хэн төлж байна, бид төлж байна. Улс орон төр засаг гэж байгаа. Энэ олон эзэнгүй хүүхдийг яа гэж байгаа юм бэ. Сая манай дээр улаан бурхан гарсан. Гурван настай хүүхэд маш хүнд туссан. Эцэг эх нь хаяад явчихсан, сахих хүн олдохгүй байна. Эндээсээ нэг хүн томилоод сахиулж байна. Нэг ч удаа вакцин хийлгээгүй хүүхэд маш хүнд тусаж байна. Тэр хүүхэд нас барвал яах вэ. 6-7-гоороо улаан бурхан тусаад түргэн ирээд аваад явж байгаа юм. Хэн ч анхаарахгүй. Би дүүрэг хороо руу орилоод утасдаад та нар төрөөс цалин мөнгө аваад ажиллаж байгаа улс, энэ хүүхэд нас арвал яах вэ. муу л бол хойд захын хар овоохой Загдаа Амараа хоёр дахиад шоронд явах уу, эцэг эхийг нь олоод өг гэж та нарт хэдэн удаа өргөдөл гомдол гаргах юм бэ. Энэ хүүхдүүдийн өмнө, төр эцэг эх нь үүрэг хариуцлага хүлээнэ, бид 2 хариуцлага хүлээхгүй. Ядаж та нар халдвар хамгаалалт хийхгүй юм уу гэсэн. Хагас сайн өдөр гэнэ, хагас сайнд өвчин тусдаггүй юм уу? Тэгж орилж байж хэдэн эмч ирж их багагүй үзлэгт хамруулаад, вакцин хийгээд ариутгал халдваргүйжүүлэлт ирсэн. Ийм л нийгэмд амьдарч байна. Эсвэл ийм хүмүүсийн хүүхэд учраас үхэг гэж байгаа юм уу...ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ

Цаг зав гарган ярилцлсанд баярлалаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэмжигч
7 цагийн өмнө
202.126.90.57
Нийгмийн байдал,төрийн байгуулагуудын ажлын уяалдаа холбоо,хуулийн байгууллагуудын үнэн нүүр царай,гэр бүлийн талаар үнэг хичээл заачихлаа даа.амараа эгч .загдаа ах 2 бол яалтач байхгүй энэ нийгмийн нэрт зүтгэлтэнгүүд шүү та 2доо эрүүл энхийг хүсье ээ
Төстэй мэдээ