Манай улсад өнгөрсөн 2024 онд хорт хавдрын өвчлөлийн 8169 шинэ тохиолдол бүртгэгдэж, 4755 хүн нас баржээ. Өвчиндөө шаналж буй ч эмчилгээ үйлчилгээ авч чадалгүй олон сар хүлээж буй иргэд өнөөдөр ч Хавдар судлалын үндэсний төвөөр эргэлдсээр, урт дараалалд шүд зууж зогссоор. Эцэстээ энэ нь нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрлээ. 2025 оны төсөвт Баянзүрх дэх Чулуутын аманд барих Хавдрын шинэ эмнэлгийн барилгын дэд бүтцэд 7.9 тэрбумыг, Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлөөр IV эмнэлгийн барилгыг лизингээр авах эхний удаагийн төлбөрт 17 тэрбумыг суулгасан байдаг. Эхний удаагийн төлбөр гэж тодотгож буй нь Засгийн газраас Хөгжлийн банкны мэдэлд буй IV эмнэлгийн барилгыг лизингээр худалдан авах ажлыг энэ онд эхлүүлж, эхний санхүүжилтийг шийдсэн байна.
-ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГААР IV ЭМНЭЛГИЙГ ХУДАЛДАН АВАХ ШИЙДВЭРИЙГ УИХ, ЗГ-ААС ГАРГАЖ, ЭХНИЙ ЭЭЛЖИЙН 17 ТЭРБУМЫГ СУУЛГАСАН-
Энэ шийдвэрийг УИХ-аас гаргаж, Засгийн газарт даалгасан. Ингэхдээ “Өр төлбөртөө хураан авч буй өөрийн эмнэлгийн төрийн өмчийн эмнэлэг болгоход бэлэн” гэсэн Хөгжлийн банкны саналд үндэслэсэн байгаа юм. Хөгжлийн банкнаас 2024 оны 11 дүгээр сард УИХ-ын холбогдох байнгын хороодод” доорхи албан бичгийг явуулжээ. Зээлдэгч зээл, хүүгийн төлбөрт өнөөдрийн байдлаар 32.6 тэрбум төгрөгийг төлсөн ба 40.9 тэрбум төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй” гэсэн бичгийг явуулсныг үндэслэн УИХ-ын 2024 оны 54-р тогтоолоор Засгийн газарт чиглэл даалгавар өгсөн байна.
-ХӨГЖЛИЙН БАНК ӨР ТӨЛБӨРТӨӨ ХУРААН АВСАН ТУС ЭМНЭЛГИЙГ БАРИЛГЫГ УЛСАД ЗАРАХ АЖИЛД ЭС ҮЙЛДЭХҮЙ ҮЗҮҮЛЖ, ГАЦААЖ ЭХЭЛСЭН-
Өр төлбөртөө “Энэрмед” ХХК-иас хураан авсан энэ эмнэлгийн барилга нь одоо Хөгжлийн банкны мэдэлд шилжсэн бөгөөд Эрүүл мэндийн яамнаас тус эмнэлгийг Хөгжлийн банкнаас худалдан авч Хавдрын эмнэлгийн өргөтгөл болгох УИХ, Засгийн газрын шийдвэр аль хэдийн гарсан гэсэн үг.
Харамсалтай нь хавдраар шаналж буй иргэдийн өвчин зовлонг нимгэлэх энэ ажил зарим хүмүүсийн санаатай үйлдлээс болж гацсан байдалтай байна. /Энэ талаар дараагийн бичвэрт дурдах болно/. Учир нь Эрүүл мэндийн яамнаас Хавдрын эмнэлгийн өргөтгөлийн барилгыг худалдан авах тендерийг 2025.03.11, 2025.04.17-нд тус, тус 2 удаа зарлахад Хөгжлийн банк оролцоогүй. Хууль номын дагуу бол тендерт шалгарч байж Эрүүл мэндийн яам худалдан авах ёстой.
Үүнээс үзвэл, Хөгжлийн банк тус эмнэлгийг худалдан борлуулж, оруулсан хөрөнгө оруулалтаа гаргаж авах сонирхолгүй байна уу, тэд хавдраар шаналж буй иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхэд хойрго хандаж байна уу гэх хардлага гарна.
Тэгвэл Хөгжлийн банкны ТУЗ нь тус эмнэлгийн барилгыг банкныхаа нэр дээр Өмчлөх бус үл хөдлөх хөрөнгө болгон шилжүүлж авсан байх ёстой шийдвэрийг гаргахгүй удаж байгаагаас болж тус барилгыг тендерт оролцуулж чадахгүй цаг хугацаа алдаад байгаа аж. Өөрөөр хэлбэл, тус банкны ТУЗ энэ бүхнийг гацаасан байна.
-ИРЭХ 12 ДУГААР САРД ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН ХҮЛЭЭЛТИЙГ ИХДЭЭ 7 ХОНОГ БОЛГОХ ЭМЯ-НЫ ЗОРИЛТ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУЗ-ААС БОЛЖ ДАХИН ГАЦАХ ЭСЭХ НЬ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТОДОРХОЙ БОЛНО-
Энэ долоо хоногт Хөгжлийн банкны ТУЗ хуралдах бөгөөд ямар шийдвэр гаргах нь олны анхааралд байна. Угтаа бол Хөгжлийн банк албажуулж аваад зээлдэгч талтай хөрөнгө шилжүүлж авах гэрээ байгуулан банкны нэр дээр эмнэлгийн барилгыг шилжүүлэх бичиг баримтын бүрдэлийг хийх ажил л үлдээд байна. Үүний дараа барьцаа хөрөнгө болох эмнэлгийн барилгыг банк өөрийн өмчлөх бус үл хөдлөх хөрөнгө болгон нэр дээрээ улсын бүртгэлд бүртгүүлж авснаар тендерт орох нөхцөл нь бүрдэх юм.
Мөн Эрүүл мэндийн яам гурав дахь тендерээ 2025.04.28-нд дахин зарлаж 2025.05.26-нд 11.00 цагаас нээнэ. Үүнд амжиж Хөгжлийн банк оролцох эсэх нь ч одоогоор тодорхойгүй байгаа юм.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хавдрын тусламж үйлчилгээний хүлээгдлийг энэ оны 12 сар гэхэд дээд тал нь долоо хоног болгоно гэсэн зорилт тавиад ажиллаж байна гэсэн. Гэтэл бодит нөхцөл байдал ийм байна.
Тендерийн ажлын даалгаврыг харвал,
-Эмнэлгийн зориулалтын шаардлага хангасан барилга
-Баянзүрх дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэрт байрлах
-10000 м2 доошгүй байх
-Цахилгааны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон байх
-Цэвэр, бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон байх
-Барилга байгууламжийн зураг төсөл, галын аюулгүйн нормтой байх
-Утаа мэдрэгч, галын дохиололтой байх
-Барилгын өрөөнүүд нь эмнэлгийн норм, стандартад заагдсан тасалгаа, иж бүрэн байх
-Улсын комисс хүлээж авсан байх
-Хүлээн авах, цахим бүртгэл, амбулаторийн хэсэг, оношилгооны хэсэг, хэвтэн эмчлүүлэх, мэс засал, ариутгал, угаалга, хоол үйлдвэрлэл явуулах боломжийг хангасан байх зэрэг шалгуурыг тавьсныг IV эмнэлэг бүрэн хангахаар байгаа юм.
Учир нь тус эмнэлэг нь 11000 мкв талбайтай бөгөөд өдөрт 500, жилд 150 мянган иргэнийг амбулаторид хүлээн авч, оношлогоо, эмчилгээ хийх, 120 хүнийг хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай, Япон стандартаар баригдсан, агааржуулалт, тоноглол гээд олон шинэ технологийг нэвтрүүлсэн барилга юм.
Түүх сануулахад, УИХ-ын гишүүн М.Билэгт нь 2017 онд эхний барилгаа 60-70 хувийн гүйцэтгэлтэй байхад нь Хөгжлийн Банкнаас 15 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 36 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Гэтэл 75 тэрбум төгрөг болгож төлөх ёстойгоосоо 35 тэрбум төгрөгийг нь төлөөд, үлдсэнд нь бэлэн мөнгө олдохгүй байгаа болохоор Хөгжлийн Банк барьцаа хөрөнгөө шүүхийн шийдвэрээр гаргуулсан байгаа юм.
Эх сурвалж: Isee.mn сайтаас товчлон оруулав