Нийслэлийн 380 жилийн ойг өнгөрсөн 10 дугаар сарын 29-нд тэмдэглэсэн. Энэ үеэр шагнал гардуулах, одон медаль, дайллага цайллагад гэхэд 2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Анх Нийслэлийн 380 жилийн ойг гурван тэрбум төгрөгөөр тэмдэглэнэ гэж төсөв гаргахад НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд эсэргүүцээд дийлээгүй. Тиймээс ч Хотын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Р.Дагва дарга хоёр туслах зөвлөхүүдтэйгээ хэдхэн өдөр сайхан найрласан гэж болно. Хотын хоёр дарга бүлтийтлээ гоёж ирчихээд төв талбай дээрээс сансрын бөмбөлөг хөөргөсөн анхны улс боллоо гэж хөөрцөглөж, мэлхийтэй хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн туг далбаа мандуулах ёслол хийгээд үндсэндээ гурван тэрбум төгрөг дууссан билээ. Үдэш нь нийслэлийн 380 ойн хүндэтгэлийн концертод 800 уран бүтээлч оролцлоо гэж шоудаж, иргэдэд үлдэцгүй, өөрсдийгөө баярлуулсан найр цэнгээн дэглэлээ. Нийслэлийн төсөв анх удаа шахуу их наядаар тоологдох болсон. Гэтэл төсөв "баригчид" ингэж шоу хийж, тэрбум тэрбумаар үрж байна. Мэдээлэлд хамгийн ойр нийслэлчүүд нүдэн балай чихэн дүлий суусаар. Ийм байхад орон нутгийн төсөв яаж үрэгдэж байгаа нь тодорхой. Аймгуудын наадмын ханш нэг тэрбум хүрсэн гэж байна.
