Америкийн жүжигчин Меган Маркл нь хунтайж Харритай гэрлэснээр дэлхий нийтийн танил болсон. Меган Маркл ханхүү Харригаас гурван насаар эгч, 1981 оны наймдугаар сарын 4-нд Лос Анжелес хотод төржээ. Ээж Дориа Рагланд нийгмийн ажилтан, йогийн багшаар, аав Томас Маркл телевизийн салбарт гэрэлтүүлэгчээр ажилладаг байж. Эцэг, эх нь зургаан настайд нь салсан. Меган 2016 онд “Elle” сэтгүүлд өөрийгөө Африкийн боол гаралтай хэмээн ярьж байжээ. Меган Марклын аав цагаан арьстан, ээж нь африк гаралтай хүн юм. 2011 онд Торонтод төвтэй нэгэн телевизийн “Suits” цувралд гол дүр бүтээж, эротик хэсэг нь дүрсэнд үлдсэн. Меган Маркл 2011 онд жүжигчин, продюсер Тревор Энгельсонтой гэрлэж, 2013 онд салсан байна.
Ханхүү ХАрритай анх 2016 онд танилцаж, 2017 онд сүй тавиад, дараа жил нь гэрлэсэн билээ. Тэд 2019 оны тавдугаар сард Арчи хүүгээ өлгийдөн авсан. Энэ оны эхээр тэд хааны гэр бүлийн гишүүн байхаас татгалзсан.
Харригийг эмэг эх Хатан хаан дэмжиж "Тэд манай гэр бүлийн үнэ цэнтэй гишүүн хэвээр байх болно" гэж мэдэгдсэн билээ. Хосууд “Суссексын гүн, гүнгийн ахайтан” гэсэн хэргэм зэргээсээ татгалзаж, Британийн төсвөөс ямар ч санхүүжилт авахгүй амьдрах, өмнө авсан мөнгөө буцааж төлөхөөр болсон байна. Харри, Меган хоёр Уиндсорын шилтгээний ойролцоох гэртээ засвар хийхэд Британийн татвар төлөгчдийн мөнгөнөөс 3.1 сая орчим ам.доллар зарцуулснаа буцааж төлөхөөр болсон байна.
Их Британийн ханхүү Харри, эхнэр Меган Маркл нар 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн албан ёсоор хааны гэр бүлийн үүргээс чөлөөлөгдөж байна. Ингэснээр тэд хааны гэр бүлээс санхүүгийн хувьд хамааралгүй болох ажээ. Их Британийн Дотоод хэргийн сайд асан Норман Бейкер хэлэхдээ хосын ойрын хугацааны аюулгүй байдлын хамгаалалтад ойролцоогоор 10 сая ам.доллар төлөх ёстой гэв. Учир нь, Лос-Анжелес бол Виндзорыг бодвол илүү аюултай хот гэв. Меган Маркл болон Харри нар АНУ-ыг хилээ хаахаас өмнө амжиж, Лос-Анжелест очжээ. Юутай ч “Нохойн толгойг бурхан дээр залсан ч газарт ойчно” гэгчээр хар арьст боолын удамт бүсгүй үлгэрт гардаг шиг хааны удмын ханхүүтэй гэрлэсэн ч хэргэм зэргээсээ татгалзаж, энгийн амьдралыг сонголоо.
