Гадаадаас махны чиглэлийн үүлдрийн үхэр оруулж ирнэ хэмээн Л.Чинбат зээл авсан. Зээлээ аваад үхрээ оруулж ирсэн нь үнэн. Мөн зээлээ төлөхгүй олон жил луу унжсан нь ч үнэн юм. Зээл авсаныхаа дараа жил захиралтан Францаас “лимузин” үүлдрийн 400 гаруй үхэр оруулж ирсэн хэмээн яамны сайтад нэгэнтээ бичигдээд өнгөрсөн бол хэвлэлээр үхрийх нь зураг лав цацагдаагүй. Харин захиралтан үхэр оруулж ирэхдээ Сангийн яам мэтийн хариуцлагагүй төрийн байгууллагаас болж 200 мянган еврогоор шатлаа хэмээн яриа өгч байсан. Үүндээ шаралхаад өрөө төлөхгүй яваад байсан бололтой. Харин авчирсан үхэр нь байгалийн жамаар өсөж үржсэн. 2016 оны сонгуулийн дараа өдгөө алдарт уяач цолоо хасуулсан П.Сэргэлэн ХХААХҮ-ийн сайд болж ТНБД-ынх нь А/127 тоот тушаалаар “Гацуурт” компанитай гурван тэмбумын зээлийн гэрээний хэрэгжилтийг шалгах, тооцоо нийлэх ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсэг бүтэн жил шахуу Л.Чинбаттай “ханцуй” дотроо тохиролцсоны эцэст 2017 оны намар ялгаж бэлтгэсэн гэх 140 үхрийг нэг бүрийг нь таван саяар үнэлж 700 саяын өрөнд авчээ. Монгол үхэр ийм үнэнд хүрэхгүй тул бодвол гадаад үхрээ өгсөн биз. 700 саяын үхрийг Сэлэнгэ аймгийн ХААГ-т шилжүүлсэн агаад зээлийн үлдэгдэл болох 2,3 тэрбум төгрөг Мал хамгаалах сангийн дансанд үлдсэн. Ийнхүү Л.Чинбат яамнаас зээлсэн мөнгөөрөө авчирсан үхрээрээ яамны өрийг зургаан жилийн дараа төлж эхэлжээ. Аргагүй л мундаг бизнесмэн, жинхэнэ “ШаркТанк” аж. Гэсэн ч түүний бизнес “овсгоог” үнэлээгүй төрийн ажилтнууд гарч ирсэн агаад тэд тухайн үед хэргийг ахин шалгахыг шаардаж байна. Ажлын хэсгийг эрх мэдлээ хэтрүүлсэн, яамны сайд нь уяач, “Гацуурт”-ын захирал уяач найз нар олонтой гээд сэжиг таавар ч их гарсан. Анх зээлийн гэрээ байгуулагдахдаа зээлийг мөнгөөр төлнө гэснээс үхрээр төлнө гэж заагаагүй. Л.Чинбат яамны сангаас авсан гурван тэрбумыг олон жил түгжсэнээр бусад зээлдэгч нарыг дам хохироосон тухай экс сайд Д.Бурмаа харамсангуй бичсэн.
