
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн "Улсын эзэн Д.Эрдэнэбилэг, нэг харчихаад үхэх юмсан" гэж байсан "Сахал" хочтой Должингийн Эрдэнэбилэг анх удаа дэлгэцээр олны өмнө гарлаа. Шууд "явдаг" Улаан бал нэвтрүүлэг "Эзэн" Эрдэнэбилэгийн ярилцлагыг өмнө нь авч бичснээ нэвтрүүлжээ. ТDB буюу Худалдаа хөгжлийн банкыг Монголын нийгэмд хамгийн том мафийн сүлжээг бий болгосон бүтэц гэсэн үг төрийн ордноос олон сонсогдох болсон. Өчигдөр Монгол Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн харьяа компаниудад АТГ-аас гэнэт нэгжлэг хийсэн. М.Энх-Амгалан прокурор эдүгээ "сахал" Эрдэнэбилэгийн Дарханы хар төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой Төмрийн хүдрийн компанийг нь удирддаг гэнэ. Ийм ховор нууцлагдмал зочин гэнэт өөрөө телевизээр "бултагнаад" гарч ирж, долоон булчирхайгаа тоочих болсон нь нэг шалтгаантай биз. Юутай ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шийдвэрүүд монголчуудыг үл тоодог тэднийг олны өмнө ил гартал шахаж эхэлжээ гэж ойлгож болох юм. Өчигдрийн "Улаан бал" шууд нэвтрүүлэг биш. Хэдэн өдрийн өмнө хийсэн ярилцлагын бичлэг байсан. Харин Д.Эрдэнэбилэгийг өчигдөр орой /2022.04.19/ Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлээр шалгаж байна. Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэсэн зүйл ангиар дайчлан шалгаж байгаа юм. АТГ-аас өнөөдөр түүний 2 оффис, 8 орон байранд үзлэг шалгалт хийжээ.