alim.mn | 2025.05.16
Монголд 5-6 минут тутамд нэг хүн эрүүлжүүлэгдэж байна

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: “Монгол Улсын иргэдийн дундаж наслалтын тоог дэлхийн бусад орнуудынхтай харьцуулахад эрэгтэй, эмэгтэйчүүдийн хоорондын зөрүү 10 жил байна. Энэ нь сүүлээсээ 12 дугаарт орж байгаа үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт 1,990 онд дөрвөн жил байсан.

Ийнхүү эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын дундаж наслалтын зөрүү их байгаа нь эрэгтэйчүүдийн хорт зуршил өөрчлөгдөхгүй байгаатай холбоотой. Нөгөө талд эрүүл мэндийн үйлчилгээ, эрүүл хооллолт, эрүүл амьдралын хэв маягийг эмэгтэйчүүд илүү хэвшил болгож байна гэсэн үг.

Эрэгтэйчүүдийн боловсролын тухайд, бүх шатны боловсролын байгууллагад суралцаж байгаа хүмүүсийн 34 хувь нь эрэгтэйчүүд байна.

Харин нас баралтын 60-70 хувь нь эрэгтэйчүүд байдаг. Шалтгааныг авч үзвэл, зүрх судасны өвчлөл, хавдар, гэмтэл, осол, хордлого, амиа хорлолт зонхилдог.

Бид өнөөдөр яагаад эдгээр шалтгаан байсаар байна вэ гэдэг дээр дүгнэлт гаргах хэрэгтэй байна.

Энэхүү чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрүүл монгол хүн, Монгол эрүүл эрэгтэй” гэдэг аянгыг өрнүүлж, архидалттай тэмцье гэдэг уриалгыг дэвшүүлсэн.

Монгол Улсад 2018 оны байдлаар насанд хүрсэн хүн 40 литр пиво, 12 литр архи, дарсны хэрэглээ 1.2-2 литр байсан.

Архины хэрэглээг тоон үзүүлэлтээр авч үзвэл 5-6 минут тутамд нэг хүн эрүүлжүүлэгдэж байна. Мөн Улаанбаатар хотод 200 хүн тутамд архи, согтууруулах ундаа борлуулдаг цэг ажиллаж байна. Тэгэхээр архийг хэрхэн зохистой хэрэглэх вэ гэдгийг бодох цаг болжээ.

Судалгаагаар эрэгтэйчүүдийн 65 хувь нь тамхи татдаг, 52 хувь нь 18 нас хүрмэгцээ архи ууж үзсэн гэж хариулсан. Тэгэхээр хүүхдүүддээ багаас нь архи, тамхины уршгийн талаар ойлгуулах хэрэгтэй юм байна гэдэг дүгнэлт гарч байна” гэв.   


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ