alim.mn | 2025.05.18
Хятад: АНУ уугуул индианчуудаа хоморголж хөнөөсөн, энэ бол жинхэнэ геноцид
АНУ, БНХАУ хоёр шөргөөцөлдөж эхэллээ. НҮБ дэх Америкийн суурин төлөөлөгч Линда Томас-Гринфилд “CNN” телевизэд ярилцлага өгөхдөө “Хятад улс үндэсний цөөнх уйгарчуудын эсрэг геноцид үйлддэг, түүнчлэн хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг.... Манай Америк улс хэзээд Тайваний ард түмний аюулгүй байдлыг дэмжихийг эрмэлзэж ирсэн” гэлээ. 
Үүний хариуг Хятад дор нь барив. НҮБ дэх Хятадын суурин төлөөлөгч Жан Цзюнь “Америкийн ямар ч үндэслэлгүй дээрх мэдэгдлийг бид няцааж байна. АНУ Нэг бус удаа Шинжааны геноцидын тухай худал мэдээ цацсаныг бид баримтуудаар үгүйсгэж няцаасан. Манай олон үндэстний хүмүүс бүгд энх тайван, төгс зохицолтой, аз жаргалтай аж төрж байгаа. Америк үргэлж хүний эрх ярьдаг хэрнээ өөрсдөө энэ эрхийг зөрчих тал дээр дээд амжилт тогтоосон улс. Ковидоос болж танай ард түмэн асар олуулаа үхэж үрэгдсээр байгаа. Нас барагсдын тоо 900 мянга давсан, Хятадынхаас 200 дахин их гэсэн үг. Энэ тоо өдөр тутам өссөөр л. АНУ өөрөө галт зэвсэгтэй холбоотой хүчирхийлэлдээ живчихсэн, зөвхөн 2021 онд 17800 хүн амиа алдсан, ер нь танай иргэд аюул заналхийлэл дор амьдарч байна. Америк түүхийнхээ бүхий л үеийн туршид үндэс угсаагаар нь ялгаварлан цэвэрлэгээ хийж уугуул хүн ам-индианчуудаа бөөн бөөнөөр нь хоморголж хороож хөнөөж ирсэн. Энэ л жинхэнэ геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг. Сири, Афганистан, Ирак улсуудад энгийн номхон иргэдийг, түүний дотор хүүхэд, эмэгтэйчүүдийг америк цэргүүд замбараагүй алж талсан нь Вашингтоны цэрэг, армийн  үйлдсэн гэмт хэрэг. АНУ өдгөө улстөр, эдийн засаг, нийгмийн маш ноцтой асуудлуудтай байгаа, аюулгүй байдал ба эрүүл мэндийн салбарт ч асуудал зөндөө. Ийм нөхцөл байдалд Америк бүхнээс давуу онцгой гэсэн бодолдоо хөөрцөглөж бусдад хариуцлагыг тохохоо больж үүний оронд өөрийн асуудлуудаа шийд хэмээн уриалж байна.  Зөвлөгөө өгье, буруу замаар цааш явахаа боль, үүнээс болж танай ард түмэн зовж зүдрэхээр барахгүй бусад улс оронд, даян дэлхийд нэмэлт асуудал үүснэ шүү..... Тайвань бол Хятадын газар нутгийн салшгүй нэг хэсэг, Тайваний асуудлыг зохицуулах нь Бээжингийн дотоод хэрэг, иймээс АНУ болон бусад гадаадын хүчнүүд хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрөхгүй.... Эсрэг тохиолдолд Тайваний асуудалдаа түлэгдэнэ шүү” гэж хариулжээ. 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ