
Дүн өвлөөр Боловсрол, шинжлэх ухааны яамны үүдэнд 2-3 хүн очиж, Дүрслэх урлагийн академийн захирлыг ажлаа өг хэмээн шаардсан. Энэ нь тус сургуулийн захирлын суудалд аль хоёр жилийн өмнөөс санаархаж яваа хүний хийсэн ажил гэх юм билээ. Тэр хүн бол “Sound of Mongolia” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Соёлын элч гэх Х.Дамдинсүрэн гэнэ. Тэрбээр нэхмэлийн инженер мэргэжилтэй, урлагийн талаар ямар ч мэдлэг боловсролгүй атлаа улсын мөнгөөр урлагийн арга хэмжээ зохион байгуулж, төсвийн мөнгөөр туйлж сурсан нэгэн. Шоу менежерийн ажил хийж явснаас шинжлэх ухаан, боловсролоос хол хөндий хүн Дүрслэх урлагийн академид эзэн суухаар санаархаж явна. Тиймээс удирдлагуудыг нь хоёр жилийн өмнөөс удаа дараа дарамтлан, ажлаа өгөхийг шаардаж байжээ. Санасандаа хүрээгүй Х.Дамдинсүрэн Соёлын яамаар ч гүйгээд, сайд нарын өрөөгөөр ч гүйгээд амжилт олоогүй болохоороо элдвээр дарамталж зурвас илгээж байжээ. “Би яг одоо Оюун-Эрдэнэтэй уулзах гэж байна” “Би амласандаа хүрдэг хүн шүү” “Ганбаяр сайдтай ярьсан” “Шударга байна гэдэг аманд бус ясанд байдаг зүйл” гэх мэтээр байж суух аргагүй болтол байн байн дарамталжээ.
Захирлын албан тушаалыг авч чадаагүй ч тэрээр БШУЯ-аар гүйж байгаад 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гаргасан сайдын тушаалд өөрийгөө багтааж, ДУА-ийн Удирдах зөвлөлийн гишүүн болжээ. Хуулиараа Удирдах зөвлөлийн гишүүн нь сургуулийн дотоод ажилд оролцохгүй, ажил албан тушаалаа өгөхийг хувьчилж шаардах ёсгүй гэх мэт олон журам дүрэм байдаг ч Х.Дамдинсүрэнд энэ бүхэн хамаагүй бололтой. Өөрийгөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Соёл урлагийн зөвлөх хэмээн өөрийгөө бусдад танилцуулдаг. Засгийн газрын танилцуулгаас харахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 11 зөвлөх дунд түүний нэр байхгүй байгаа нь хачирхалтай.
Бас нэг баримтыг дэлгэхэд, Х.Дамдинсүрэн нь ОХУ-ын Репиний академид хоёр жилийн өмнө урлаг судлалын чиглэлээр сурч байхдаа дипломоо бичиж чадахгүй бусдаас туслалцаа авч, арай чүү төгссөн гэдэг. Гэтэл ишиг эврээ ургахаар эхимйгээ мөргөнө гэгчээр 2 жилийн өмнө дипломоо бичүүлж байсан хүний ач тусыг мартаж, албан тушаалыг нь авахаар улайран гүйж байгаа нь энэ гэнэ. Хамгийн ноцтой нь ОХУ-д оюутан байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн болчихсон гэж байгаа. Соёлын гавьяат зүтгэлтэн алдрыг хүртсэн эрхмүүдийг бид сайн мэднэ. Харин Х.Дамдинсүрэн хэмээх нөхрийг сайн мэдэхгүй. Соёл урлагийн салбартаа насаараа үнэнчээр зүтгэж буй эрхэлсэн ажилдаа сонин содон санаачилга, бүтээл гаргаж, түүнийг хэрэгжүүлснээр улс, нийгэмд ашиг тус өгч, амжилтанд хүрсэн хүнд олгодог эрхэм дээд шагнал. Гэтэл шоу зохион байгуулж байснаас өөр шидтэй ажил хийгээгүй Х.Дамдинсүрэн оюутан байхдаа авчихсан гэхээр гайхмаар...
Баримт 1: 2016 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар АСЕМ буюу Ази-Европын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалтыг Монголд зохион байгуулсан юм. Эх орноо дэлхийд таниулах эдийн засаг, улстөрийн нөлөө бүхий энэ арга хэмжээг төр засгаас талархан хүлээн авч, төсөв мөнгийг нь шийдэж өгсөн. Харин Х.Дамдинсүрэнгийн “Саунд оф Монголиа” компани нь нийтдээ 20 гаруй удаа 264 сая төгрөгийг АСЕМ-ийн мөнгөнөөс тоншжээ. Тухайлбал, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр АСЕМ-ийн парламентын уулзалтыг зохион байгуулах зардалд 28,900,000 төгрөг, 06 дугаар сарын 20-ны өдөр Хүнсний аюулгүй байдлын зөвлөлоийн хурлын зардалд 26,048,000 төгрөг, 2016 оны 07 сарын 06-ны өдөр АСЕМ-ын нэгдсэн хуралдааны зардалд 84,656,000 төгрөг, техник тоног төхөөрөмжийн түрээст 12,386,000 гэх мэтээр нийтдээ ганцхан АСЕМ-ийн арга хэмжээнээс 264,000,000 төгрөг олжээ.
Баримт 2: Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал 2013 онд Улаанбаатар хотод болсон билээ. Энэ ажлын хүрээнд төр засгаас бэлтгэл ажлыг хангахад Х.Дамдинсүрэнгийн компани мөн л багагүй хэмжээний мөнгийг цусалж орхив. Уг нь энэхүү ажлыг Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар хийх ёстой атал ямар шалгуур, зарчмаар хувийн компанийг шургуулсан нь хачирхалтай. Хэрвээ чиг үүрэг бүхий төрийн байгууллага нь ийм ажлаа хийж чадахгүй бол хувийн компаниудын дунд тендерээ ил тод зарлах нь шударга ёсонд нийцнэ. Гэтэл мэргэжлийн маш олон компаний боломжийг хааж, хэд хэдэн ажлыг дангаараа гүйцэтгэхээр авсан байна. Жишээ нь, Төрийн ордны А,Б танхим, бусад газруудад хийгдэх заслын ажлын эскиз зураг, анносын схем гаргах, Төрийн ордны их танхим, гадна талбайд байрлах 155 орны төрийн далбааг байрлуулах зургийг гаргах гэх мэт ажлуудыг хийсэн ч авсан үнийн дүнгээ ихээхэн нууцалжээ.
Баримт 3: Ийнхүү улсын төсвөөс сая саяар нь идэж байсан тэрээр сүүлдээ тэрбум, тэрбумаар нь залгидаг болжээ. 2017 онд “Саунд оф Монголиа” ХХК МҮОНРТ-ийн тендерт оролцжээ. Өнөөг хүртэл энэ тендер нэлээд их хэл ам дагуулдаг бөгөөд хамгийн бага үнийн дүнтэй бус танил талаа сонгосон гэж өрсөлдөгчид нь ярьдаг. “МҮОНРТ-ийн 600 студийн гэрэлтүүлгийн шинэчлэл, МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгийн мэдээний студийн гэрэлтүүлгийн шинэчлэл”-ийг Х.Дамдинсүрэнгийн компани 2 тэрбум 140 сая төгрөгөөр хийжээ.