alim.mn | 2025.05.16
Цукербергийн гэр бүл хүмүүсийг боолчилж, доромжилдог гэж буруутгажээ
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, “Facebook” компанийг үндэслэгч Марк Цукерберг болон эхнэр Присцилла Чан нарыг Шүүхэд өгсөн тухай “NBC” мэдээллээ. Тэдний гэр бүлд ажиллаж байсан хоёр хүн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Тэд үйлчлэгчдийг мөлжиж боолчилдог, бэлгийн сэдэлтэй өдөж хоргоодог, дандаа хэл амаар гутаан доромжилдог, цалин хөлс дутуу өгсөн” гэжээ. Цукербергийн гэр бүлд ажиллаж байсан 2 хүний 1 нь нэрээ илчлэхийг зөвшөөрсөн, тэр бол Миа Кинг. Хар арьст энэ эмэгтэй бол ижил хүйстэн юм байна. Тэрээр Цукербергийн гэр бүлд бараг нэг жилийн турш аюулгүй байдлын туслахаар ажиллажээ. Тэр 29 хуудас өргөдөл гомдолдоо тэрбумтан ба түүний гэргий өөртэй нь хэрхэн харьцаж байсан тухай бичихдээ “Намайг янз бүрээр хэлж доромжилж гутаадаг. Гетто, өлөгчин гэж дууддаг. Бас миний хөхний талаар огт тохиромжгүй үг зөндөө хэлдэг байсан” гэжээ. Тэр өөрийн даргад гомдол мэдүүлэх гэж үзсэн аж, албан ёсоор бол тэр Цукербергт үйлчилгээ үзүүлдэг хамгаалалтын фирмд ажилладаг. Гэвч түүнийг өргөдлөө аваачиж өгөхөд хамт ажилладаг бүсгүй “Энд бүхнийг эрчүүд шийддэг” гэж хэлжээ. Мөн цалинг нь цаг тухайд олгодоггүй, бас илүү ажилласан цагийн мөнгийг өгөхөөс татгалзсан байна. 
Нөгөө гомдол мэдүүлэгч нь 35-тай эр, тэр нэрээ илчлэхийг хүсээгүй. Энэ хүн Цукербергийн эзэмшдэг янз бүрийн үл хөдлөхийн объект дээр аж ахуйн даргаар ажилладаг байжээ. Тэр “Цукерберг ба түүний гэргий гэнэт аль нэг харш шилтгээндээ очих шаардлагатай гэвэл би хоногт 17 цаг ажиллаж бүхнийг бэлдэх ёстой болдог, энэ нь надад огт таалагддаггүй. Эздийг ирэхэд бүх юм бэлэн байх ёстой, тэгээд ч энэ тохиолдолд надад ямар ч илүү цагийн мөнгө төлдөггүй” гэж ярьжээ. “Энэ бүхэн юу ч биш, байнга л намайг бэлгийн сэдэлтэй өдөж хоргоодог байсан. Би бол ил гомо, гэтэл намайг доромжилж гутаадаг” хэмээжээ.. Гомдол мэдүүлсэн энэ 2 хүний өмгөөлөгч Коллин Мадден “Манай үйлчлүүлэгчид тэднийг буруутгаснаа баталж Шүүх дээр шударга ёсыг ялах боломжийг тэсэн ядан хүлээж байна” гэсэн байна. Гэхдээ одоогоор энэ хэргийг авч үзэх хугацааг товлоогүй байна. Цукербергийн талаас зөвхөн ганц хүн мэдэгдэл хийжээ. Тэр бол тухайн гэр бүлд ажилтнуудыг шалгаруулж авдаг асуудал хариуцсан Бен ЛаБолт. “Чан-Цукербергийн гэр бүлд ажилладаг мэргэжлийн багаараа бид их бахархдаг. Харин эдгээр гомдол гаргагчдын алхам үйлдэл нь манай ажилтнуудыг шударга бусаар гутаахад чиглэсэн. Тэд ялагдах болно” хэмээн хариулсан байна. 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ