
Өршөөлийн хуулиар суллагдсан этгээд бага насны хоёр хүүхэд хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарчээ.
Тодруулбал, өмнө нь хорих ял эдэлж байгаад 2018 оны сүүлээр Өршөөлийн хуулийн дагуу суллагдсан 45 настай эрэгтэй 4 настай дагавар охин, 6 настай төрсөн хүүгээ хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг өчигдөр Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тус хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Эх сурвалжийн хэлж байгаагаар тухайн этгээд өмнө нь Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлээр гэмт буруутай нь тогтоогдож, ял шийтгэл эдэлж байжээ.
Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлд:
1.Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Энэ гэмт хэргийн улмаас:
- 2.1.хохирогчийг жирэмсэн болгосон;
- 2.2.бэлгийн замын халдварт өвчин халдаасан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ хэмээн заажээ.