Орос улс иргэдээ 7 хоног цалинтай амраана

Орост коронавирүсийн халдвар ихэссэнтэй холбоотой Ерөнхийлөгч Владимир Путин 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 7 хүртэлх хугацааг ажлын бус болгох тушаалд гарын үсэг зурлаа. Гэхдээ энэ ажлын бус өдрүүдэд цалинг нь хэвээр олгох юм байна. Харин нийслэл хотын дарга С.Собянин “Москва хот, Москва мужид нөхцөл байдал таамаглаж байснаас хүндэрсэн тул 10-р сарын 28-наас 11-р сарын 7 хүртэл ажлын бус өдөр болголоо” хэмээн мэдэгдлээ. Тиймээс нийслэл ба Москва мужийнхан 11 хоног амрахын зэрэгцээ 7 хоногийн цалингаа бүрэн авна, харин бусад нутагт 5 хоног. Ажлын бус энэ 11 өдрийн турш нийслэл ба Москва мужид олон нийтийн болон спорт, соёлын ямар нэг арга хэмжээ зохиохыг хориглож, үйлдвэр байгууллагууд ажиллахгүй, нийтийн хоолны газрууд, худалдаа үйлчилгээ ч түр зогсоно. Энэ хязгаарлалт эмийн сан, хүнсний ба өргөн хэрэглээний барааны дэлгүүрт хамаарахгүй. Гэхдээ театр, музей 50% дүүргэлттэй ажиллахыг зөвшөөрсөн. Түүнчлэн сургууль, хүүхдийн цэцэрлэг ч амарч байна. 11-р сарын 8-наас Москвад 500-гаас дээш хүнтэй арга хэмжээнд оролцох бол QR код шаардлагатай, бас заавал маск зүүх ёстой аж. Мөн хугацааны турш Оросын тэтгэврийн хүмүүсийн нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийг түр зуур хүчингүй болгосон ажээ.
ОХУ-д өнгөрсөн хоногт 36’339 халдвар шинээр бүртгэгдсэн. Хамгийн олон халдвар илэрсэн нутаг бол Москва 7897, Санкт-Петербург 3280, Москва муж 2318. 146 сая хүн амтай Орост нийт 8’131’164 хүн ковидоор өвчилжээ. Өнгөрсөн 24 цагт 25’895 өвчтөн эдгэрсэн, нийт эдгэрсэн хүний тоо 7’091’607 хүрчээ. Ковид болон дагалдах өвчин хүндэрсний улмаас Орост нийтдээ 227’389 хүн нас барснаас сүүлийн 1 хоногт 1036 хүн нас баржээ. Энэ бол цар тахал эхэлснээс хойш хамгийн олон хүн нас барсан тохиолдол боллоо. Одоо эмнэлэгт 1,76 сая хүн хэвтэн эмчлүүлж байна. Энэ улс нийт 202,7 сая гаруй лабораторийн тест хийжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ