alim.mn | 2025.05.22
ХААДС-гийн авлигын эрсдэлийн түвшин өндөр гарчээ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Авлигын эрсдэлийн үнэлгээ хийгдсэн байгууллагуудад тайлан танилцуулах арга хэмжээг зохион байгуулсан. 

2021 оны Авлигын эрсдэлийн үнэлгээнд хамрагдах байгууллагуудыг сонгохдоо Шударга байдлын үнэлгээнд хамрагддаггүй, мөн 2017 оноос эхлэн авлигын гэмт хэрэгт холбогдон шүүхээр шийдэгдсэн хэргийн тоо зэрэг үзүүлэлтийг харгалзан “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Шинжлэх ухаан, технологийн санг хамруулжээ. Энэ удаа авлигын эрсдэлийн үнэлгээг Авлигатай тэмцэх газраас захиалан “Онч шийдэл” НҮТББ болон “Голден пэйж аудит” ХХК гүйцэтгэсэн байна.

Төрийн байгууллагад зохион байгуулсан эрсдэлийн үнэлгээний дүнгээр дээрх байгууллагуудын үйл ажиллагаа, төсөв, санхүү, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал, хүний нөөцийн чиглэлийн үйл ажиллагаа, байгууллагын удирдлагуудын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, бүртгэл хөтлөлт зэрэг нь авлигын эрсдэлийн түвшин өндөр гэж тогтоогджээ.

2018 онд төрийн байгууллагын авлигын эрсдэлийг үнэлэх ажлыг зохион байгуулж эхэлснээс хойш 50 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хамрагдаад байна. 

Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд төрийн бус байгууллагын оролцоог хангах зорилгоор хараат бус ТББ-уудыг сонгон шалгаруулж үнэлгээг хамтран зохион байгуулдаг. Зарим төрийн байгууллагууд шаардлагатай мэдээ, мэдээллээ гаргаж өгөхгүй, хамтарч ажиллахгүй байх зэрэг асуудлууд үүсгэсэн нь авлигын эрсдэлийн үнэлгээний зорилго, ач холбогдлыг бүрэн ойлгоогүй, мөн авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл дутмаг байгаагийн илрэл юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ