
УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Баярсайханы Энхмөрөн 1993 онд төрсөн. Өнгөрсөн 2021 оны нэгдүгээр сард Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар томилогдсон. Харин энэ томилгоо олон нийтэд ил болонгуут Б.Энхмөрөн өөрийн хүсэлтээр хэмээн 3 дугаар сарын 24-нд ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Энэ албанд 2 сар гаруй ажилласан намтартай.
Ингэж монголчуудын танил болсон Б.Энхмөрөн анх 2010 онд БНХАУ-ын Газрын тосны их сургуульд элсэж, сургалтын төлбөр болох 22.000 ам.долларыг Боловсролын зээлийн сангаас авч байжээ.
Хамгийн хачирхалтай нь тухайн үед дөнгөж 17 настай байсан Б.Энхмөрөнг БНХАУ-д сургах захиалгыг ЗГХЭГ-аас өгч байж. Тэр үед түүний ээж М.Оюунчимэг тухайн үед ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболдын Хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Иймд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийнхөө ажилладаг байгууллагаас 17 настай хүүгээ БНХАУ-д сургах захиалга өгүүлээд зогсохгүй сургалтын төлбөрийг нь Боловсролын зээлийн сангаас гаргуулсан гэж хардаж болохоор...
Гэвч М.Оюунчимэг гишүүний хүү Б.Энхмөрөн Боловсролын зээлийн сангаас авсан 22,000 ам.доллараа төлөөгүйг тус сангийн зээлийн үлдэгдэлтэй иргэдийн мэдээлэл дунд байгаагаас харж байна.
ЗГХЭГ-аас захиалгатай явсан хүү Хятадад очоод сурах мэргэжлээ өөрчилж, газрын тосны биш хуулийн чиглэлээр сурсан байдаг. Суралцагч гэрээгээ зөрчсөн тохиолдолд эргүүлж төлнө гэж заажээ. Гэхдээ сурахаар очсон мэргэжил чиглэлээ, бүр улсаа өөрчилсөн тохиолдолд яах бол?.. Засгийн газраас захиалсан мэргэжлээр сурахгүй, өөрчилнө гэдэг бас “том толгойлсон” хэрэг шүү. Энэ тухайгаа Б.Энхмөрөн ярилцлага өгөхдөө “Эрэл” дунд сургуульд сурч байсан. Оросын хөрөнгө оруулалттай дунд сургууль байсан шүү дээ. Бэлтгэлээсээ долдугаар анги хүртлээ орос “школа”-аар суралцаж, дараа нь америк дунд сургууль Монголд нээгдэхэд англи хэл сурах хүсэлдээ хөтлөгдөж шилжин суралцсан. Гэхдээ зөвхөн сургалтын түвшинд биш, хоббигоороо англи хэлийг маш сайн сурсан гэж ойлгож болно. Ингээд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Сант” сургуульд суралцаж төгсөөд 2010 онд Бээжингийн Газрын тосны их сургуульд суралцах тэтгэлэгт тэнцээд Хятад улсыг зорьсон. Гэхдээ газрын тосны мэргэжлээр биш, энэ их сургуульд бизнесийн чиглэлээр хоёр жил суралцаж хятад хэл эзэмшсэн. Бээжинд байхад “Англид хуулийн чиглэлээр суралцахсан” гэдэг бодол маш хүчтэй төрж байсан. Тэгэхэд би дөнгөж л хорь гаруйхан настай байлаа. Дэлхийд анх хууль гэдэг зүйл бий болсон улс бол Англи. Тиймээс би Англи орныг зорьж, Лондон хотын их сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан.
...Арваннайман настайдаа анх оюутан болж байсан. Тэр цагаас хойш гадаадад сурч, ажиллаад 2020 оны хавар Монголдоо ирсэн гэхээр арваад жил болжээ” гэсэн байдаг..
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг УИХ-ын тамгын газраас өнгөрсөн жил 26 сая 560 мянган төгрөгийн цалин хангамж авсан бол түүний нөхөр н.Баярсайхан нь 358 сая 394 мянган төгрөгийн ашиг орлогыг олжээ.
Сэтгүүлчээс УИХ-ын гишүүн болсон М.Оюунчимэг 870 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, хадгаламжиндаа 460 сая төгрөгтэй гэж АТГ-т мэдүүлжээ. М.Оюунчимэг 2010 онд ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайд хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байх үедээ ажилладаг байгууллагаасаа 17 настай хүү Б.Энхмөрөнгөө БНХАУ-д сургах захиалга өгүүлээд зогсохгүй сургалтын төлбөрийг нь Боловсролын зээлийн сангаас гаргуулсан байна. Монголын хамгийн шударга сэтгүүлч төрийн албанд ажиллаж, төрд зүтгэхээрээ нэг ийм дүр зурагтай...