Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мү Жэ Ин нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хорих тухай ярилцах цаг ирлээ хэмээн улсынхаа Засгийн газрын тэргүүн Ким Бү Гентэй ярихдаа мэдэгдсэн талаар "Yonhap" агентлаг мэдээллээ. Солонгост явуулсан асуулгаас үзэхэд нохойн махыг өдөр тутам хэрэглэдэггүй ч иргэдийн ихэнх нь эрүүл мэндэд ашигтай гэж үзээд үе үе иддэг юм байна. Энэ улсад нохойн махыг тусгай захаас худалдан авч болно. Мөн махны зориулалтаар нохой үржүүлдэг хэдэн мянган ферм бий. Зөвхөн нохойн махаар дагнан хоол хийдэг зоогийн газрууд ч зөндөө. Жилд 1 сая нохой иддэг гэсэн тооцоо бий. 
  Гэхдээ Өмнөд Солонгосын залуус сүүлийн үед Өрнөдийн нөлөөгөөр нохой идэхээ бараг больж голдуу гахай эсвэл тахианы махыг хүнсэндээ хэрэглэдэг болжээ. Иймээс тэд хэрэв нохойн мах идэхийг хоривол өөрийн эрхэд халдсан гэж үзэхгүй гэж хариулсан байна. Тэр бүү хэл дэлхий нийтийн өмнө зэрлэг бүдүүлэг гэж харагдахгүйн тулд ийм хоригийг дэмжихэд бэлэн гэдгээ ч илэрхийлэв. Дашрамд дурдахад, энд нохойн махны хэрэглээ жил тутам 20-30%-иар багасаж байгаа нь үүнтэй холбоотой бололтой. Харин ахимаг настай өмнөдсолонгосчууд “Засгийн газар иймэрхүү асуудалд хөндлөнгөөс оролцох шаардлагагүй, нохой идэх эсэх нь хувь хүний хэрэг” гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл, нохой идэх идэхгүйгээс болоод Өмнөд Солонгос 2 хуваагджээ. 41% нь нохойн махыг хориглохын эсрэг, харин 59% нь ийм хууль батлахыг дэмжив. Үүний зэрэгцээ энэ орны оршин суугчдын 78 хувь нь нохой үржүүлэх фермүүдийг хаах хэрэгтэй гэжээ. 
Сонирхуулахад Хятад, Тайвань, Филиппин, Лаос, Камбож, Таиланд зэрэг Азийн олон оронд нохойн махыг хүнсэнд хэрэглэсээр байна. “Humane Society International” амьтан хамгаалах олон улсын байгууллагын мэдээлснээр Азид жил тутам 30 сая нохой, 10 сая муур иддэг аж. Гэхдээ өнөөдөр Тайланд, Хонконг, Филиппин, Тайвань зэрэг орон нохойн махны үйлдвэрлэлийг хоригложээ.