
Хаант Оросын Цагаан армийн дэслэгч генерал Роман фон Унгерн-Штернбергийн нас барсны 100 жилийн ойг ОХУ-ын Новосибирск хотод тэмдэглэн өнгөрүүллээ. Барон Унгернийг 1921 оны есдүгээр сарын 15-нд Новосибирск хотын Свердлов гудамжинд орших худалдаачин Маштаковын байранд буудан хороож цаазалсан юм.
Хаант Оросын армийн дэслэгч генерал Роман фон Унгерн Штернбергийн гэгээн дурсгалыг хүндэтгэн хүмүүс Маштаковын байранд цэцгийн баглаа авчирч байлаа. Монголын түүхэнд үлдсэн, Богдын хүрээг гамингаас чөлөөлөхөд их үүрэг гүйцэтгэсэн энэ эрхмийг бид Барон Унгерн нэрээр андахгүй. 100жилийн өмнө Богд хааны ордонд чөлөөтэй зочилж, Хүрээний гудамжаар морь унан давхидаг, монгол дээл өмсдөн байсныг мэдэх хүмүүс саяхныг болтол байлаа. Барон Унгерн Азийн морин дивизийг байгуулж, командална гэж мөрөөдөж явсан генерал. Монголд жил гаруй амьдарсан. Монголд амьдарсан амьдралыг "Домогт Барон" номонд бичсэн нь бий. 1998 онд Барон Унгернийг цагаатгах хүсэлт гаргасан ч Новосибирскийн шүүх татгалзаж байв.
Зохиолч Евгений Нечкасов “Хүмүүс шударга ёсыг шаардаж байгаа болохоор цэцгийн баглаа авчирч байна. Яагаад Цагаан армийн зарим генералыг цагаатгахгүй байна вэ? Дайсныхаа талд урваагүй генералуудыг цагаатгахгүй байна. Барон Унгерн бол хэзээ ч Оросын дайсантай хамтран ажиллаж байгаагүй хүн. Түүнийг Врангель, Деникин нар шиг цагаатгах ёстой. Унгерн бол Новосибирск хотын домог. Гэхдээ хуурамч домог биш түүхэн хүн. Түүнийг буудан хороосноос хойш 100 жил өнгөрч байна. Унгерний талаар дэлхий дахин үнэнийг мэдэх ёстой. Цагаатгахыг шаардаж байна” гэж ярилцлага өгчээ.

