
Төрийн ордонд болсон Төр хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтын үеэр Эмийн холбооны Гүйцэтгэх захирал И.Балжинням “Арбидол” эмийг ковидын эмчилгээнд хэрэглэхгүй гэсэн гэнэтийн шийдвэрээс үүдэн нөөцөд байгаа болон захиалчихсан байгаа Арбидол ямар ч нэмэргүй боллоо гэдгийг хэлсэн юм.
Тэгвэл Эмийн зөвлөлд мэдэгдэхгүйгээр яагаад ийм шийдвэр гэнэт гарах болсон талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох тайлбар өгчээ. Тэрбээр "Арбидол гэдэг эм ерөнхий үйлдэлтэй. Өмнө нь энэ эмийг томуу, томуу төст вирусийн эсрэг үйлдэлтэй ашигладаг байсан. Үүнийг вирусийн эсрэг үйлчилгээтэй өргөн хүрээний эм гэдгээр цаашдаа ч хэрэглээд явна. Ковидын эсрэг өвөрмөц үйлдэлтэй эмнээс хасаж ерөнхий үйлдэлтэй эмийн төрөл рүү л оруулж өгсөн.
Коронад зориулж гаргасан эм биш. Арбидолыг уугаад маш олон хүн эдгэсэн. Эмчийн заалтаар хэрэглэнэ. Жирэмсэн болон элэгний өөрчлөлттэй хүн эмчийн заавраар хэрэглэх ёстой юм. Ковидод зориулсан гэж ойлгохоор эмийн сангаас авч хэрэглээд байгаа учраас ерөнхий гэдэг рүү оруулсан юм. Коронад зориулсан эм энэ шүү гэж ДЭМБ-аас зарлаагүй байна шүү дээ” гэжээ.