alim.mn | 2025.05.21
580 сая төгрөгөөр хэдэн сараалжин төмөр "босгуулсан" Засаг даргад хариуцлага тооцжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдаад дуусаж буй наадмын талбай иргэдийн шүүмжлэлд өртлөө. Анх 2019 онд аймгийн төсвийн 580 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цогтцэций суманд наадам болдог цэнгэлдэх хүрээлэн барих ажлыг  эхлүүлжээ. Энэ ажлыг гүйцэтгэхээр “Ихкаркас констракшн” ХХК тендерт шалгарчээ.

 Одоо гүйцэтгэж байгаа компаний зүгээс 90 хувийн гүйцэтгэлтэй гэж мэдэгдээд байгаа. Харин ч бодит байдлаараа зураг төслөөсөө тэс өөр, говийн элсэн дунд хэдэн сараалжин төмөр босгоод орхижээ. Тиймээс Цогтцэцэий сумынхан “балгас” нэрлээд, шүүмжлээд байгаа юм.  Аргагүй ч үгүй биз, хэн ч харсан хаана нь тэр 600 сая төгрөг гэж чамламаар юм байгаа хойно...

Үүнийг ОНХС /Орон нутаг хөгжүүлэх сан/ болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийжээ. 2018 онд аймгийн орон нутгийн өмчийн газар тус цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийн тендерийг 40 сая төгрөгийн төсөв бүхий санхүүжилтээр хийлгэжээ. Ийнхүү 580 саяын өртөгтэй, 40 саяын тендер зохион байгуулалттай цэнгэлдэх хүрээлэнгийн ажил 90 хувьтай гэсэн ч хэдэн сараалжин төмөр, модон сандал босгоод орхисон байна.

 Тиймээс Цогтцэцэий сумын Засаг дарга Ц.Ууганцэцэгийг төсвийн хөрөнгийг хууль зөрчиж зарцуулсан, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй хэмээн огцруулжээ.

Энэ мэтээр төсвийн мөнгөөр тоглох, үрэн таран хийх явдал ганц Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ч тохиолдоогүй. Манай төрийн албанд “нүүрлэсэн” зовлон. Улсын төсвийн мөнгө уйлдаггүй болохоор л мөнгийг гарын салаагаар ингэж урсгадаг. Харин сайшаалтай нь, Цогтцэций сумынхан Засаг даргадаа хариуцлага тооцон огцруулжээ. Төсвийн хөрөнгөнд хайр найргүй хандсан, хуруу дүрсэн, дутуу дулимаг хандсан нөхдөд хариуцлага тооцож байвал нийгэмд ч хэрэгтэй биз ээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ