alim.mn | 2025.05.21
Хөгжмийн зохиолч М.Туяа таалал төгсжээ
Хөгжмийн зохиолч М.Туяа бурхны орныг зорьжээ. МУУГЗ Үржингийн Хүрэлбаатар сэтгэлийн үгэн зул өргөж ийн бичжээ.
ХӨГЖМИЙН ТУЯА МИНЬ
Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/-ийн гишүүн, хөгжмийн зохиолч Мижидийн Туяа тэнгэрт дэвшиж газарт хөгжмийн нэгэн чавхдас тасрав. Тавин насны босгыг дөнгөж давж, хөгжмийн хүрээлэнд бүтээн туурвихын ид үе, эрмүүн насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэнд харамсаад баршгүй.
Тэрбээр 1969 онд төрж, 1989 онд Багшийн их сургуулийн хөгжмийн ангийг төгсч хөгжмийн зохиолчийн мэргэжлээр тасралт үгүй ажилласан монголын хуруу дарам цөөхөн эмэгтэй зохиолчын нэгэн байлаа. Түүний зохиосон “Миний улаан сарнай”, “Учрах цаг нь хэзээ вэ?”, “Цэцэрлэгийн багшдаа баярлалаа” зэрэг олон арван бүтээл нь олон нийтэд түгэн тархаж талархал хүлээсэн юм. Ялангуяа түүний “Цэцэрлэгийн багшдаа баярлалаа” дуу ихэд алдартай бөгөөд амьдралынхаа сүүлийн жилүүдийг сургуулийн өмнөх насны хүүхдүүд, цэцэрлэгийн багш нарын хөгжмийн боловсролд зориулж төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан билээ.
М.Туяа оюуны өмчийг дээдлэх, дуу хөгжмийн бүтээлийн зохиогчийн эрхийг хамгаалах үйлсэд MOSCAP-ийн гишүүний хувьд идэвхи зүтгэл гаргаж хамтран ажиллаж байлаа. Түүний гэгээн тунамал аялгуут дуу хөгжим, өсвөр үе, цэцэрлэгийн багш нарт хандан хичээнгүйлэн зүтгэж байсан үйл бүтээл бүхэн зүрх сэтгэлд маань хоногшин үлдэх болно.
Бидний дунд хөгжмийн Туяа, жижиг Туяа хэмээн дуудуулан цоглог, эрч хүчтэй явсан хөгжмийн зохиолч таны дүр төрх, бүтээл туурвил тань ямагт гэрэлтэж байх болно. Сайн төрлийг саадгүй олох болтугай.
Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/-ийн Гүйцэтгэх захирал Ү. Хүрэлбаатар

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ