alim.mn | 2025.06.17
Хүүхдүүдийн халдварын тоо тав дахин ихэсчээ

Наймдугаар сарын 1-ний байдлаар халдвар авсан нийт хүүхдийн тоо 36112 байв. Долоо хоногийн дараа буюу наймдугаар сарын 8-нд 37156 болж, 1044-өөр нэмэгджээ. Харин есдүгээр сарын 1-нд халдвар авсан нийт хүүхдийн тоо 42785 байсан бол долоо хоногийн дараа есдүгээр сарын 8-нд 48000 болж, 5215-аар өсчээ. Харьцуулалтаас харахад хичээл эхэлсний дараа хүүхдүүд халдвар авах нь тав дахин нэмэгдсэн байна.

Үүнтэй холбогдуулан сургуулиуд сургалтаа цахим хэлбэрт шилжүүлжээ. Жишээлбэл, Баянхонгор аймагт халдварын тохиолдлын тоо нэмэгдэж, нас баралт бүртгэгдсэн тул бүх шатны сургуулийнхаа хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэн. Есдүгээр сарын 13-аас дунд болон ахлах ангийнхны хичээлийг эхлүүлж, есдүгээр сарын 20-оос улаан бүсийн сургуулиудын хичээлийг эхлүүлэхээр шийдсэн байна.

Мөн Увс аймгийн хэмжээнд 33 цэцэрлэгийн 28 нь халдварын улмаас үйл ажиллагаагаа явуулахгүй байна. Тус аймгийн хэмжээнд ЕБС-ийн нийт 30 сургууль байдгаас 9 -д халдвар бүртгэгдэж зайн сургалтад шилжжээ. Аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 195 багш халдварын улмаас тусгаарлагдаж байгаа юм байна.

Хөвсгөл аймгийн 35 сургуулийн 9 нь, Ховд аймгийн 25 сургуулийн 2 нь, Архангай аймагт 1-5 дугаар ангийнхан бүгдээрээ, Дархан-Уул аймгийн 38 цэцэрлэгийн 16 нь халдварын улмаас зайн сургалтад шилжжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
Close menu