alim.mn | 2025.05.20
С.Цэцэгмаа: Хотын хүн амын 40 хувь нь нийтийн тээврээр зорчиж байна

-Нийтийн тээврийн зорчилтыг 33 хувь өсгөвөл түгжрэлийг 17-22 хувь бууруулна гэсэн тоо байна. Одоогийн байдлаар хүн амын хэдэн хувь нийтийн тээврээр зорчдог вэ. Сая дурдсан 33 хувьд хүргэхийн тулд автобусны тоогоо нэмэгдүүлнэ гэсэн үг үү?

С.Цэцэгмаа: -Нийслэлийн хүн амын тоо 1.5 сая гаруй. Энэ тооны хүн амд мянган автобус үйлчлэх олон улсын жишиг байдаг. Өнөөдрийн байдлаар 900 гаруй автобусаар 400 мянга гаруй зорчигч тээвэрлэж байна. Тэгэхээр хотын хүн амын 40 хувь нь нийтийн тээврээр зорчиж байна гэсэн үг. Нийтийн тээвэр бол авто замаас хамааралтай үйлчилгээ. Зам түгжирвэл автобуснууд цагийн хуваарийн дагуу үйлчилж чадахгүйд хүрдэг. Тиймээс авто замаас хамаарахгүй их багтаамжийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод шаардлагатай. Хөнгөн галт тэрэг, метрог нэвтрүүлэх шаардлага тулгараад байгаа. Зөвхөн автобусны тоог мянга гаруйд хүргэж, тохь тухтай үйлчилгээ үзүүлбэл зорчигчдын тоо нэмэгдэнэ.

Ч.Батзориг: -Нийтийн тээврийн чанар, стандарт, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд  одоогийн байгаа автобусны тоог нэмэгдүүлнэ гэсэн үг биш. Салбарын тогтолцоог шинэчлэх ёстой. Бид LRT буюу бага оврын метрог барьж байгуулахаар төлөвлөсөн. Дээрээс нь нийтийн тээврээр иргэд ая тухтай зорчих нөхцөл бүрдүүлэх, парк шинэчлэлт хийх, маршрутаа оновчтой болгох гэхчлэн хийх ажлууд их бий. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Улаанбаатарт 330 км авто зам барьсан. Тэгтэл тэдгээрээс 29 км нь л замын түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлэхүйц зам. Үлдсэн нь зорилтот түвшний зам болж чадаагүй. Тиймээс цаашид барих зам, шинээр байгуулж буй дэд төв, дагуул, хаяа хотуудын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, авто зам, нийтийн тээврийн шинэчлэлийг яамдтай хамтран цогцоор нь шийднэ.  Түгжрэл бол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш, улс эх орны  хэмжээний асуудал болсныг сайд, дарга нар ойлгож байгаа. Тодорхой хөрөнгө мөнгийг ирэх гурван жилд төсөвлөсөн. Үүнд бид маш их талархаж, “Алтан боломж” гэж харж байгаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ